Гурван талт зөвлөлдөх уулзалт боллоо
2012-10-30

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын найм дахь удаагийн зөвлөлдөх уулзалт улс төрийн газрын захирал нарын түвшинд өчигдөр 29-ний өдөр Москва хотноо болов. Энэ жил анх удаа албан ёсны статустайгаар болсон Монгол-Орос-Хятадын гурван талт зөвлөлдөх уулзалт нь цаг хугацааны сорилтыг амжилттай давж, хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлыг хэлэлцэх зохистой талбар болсон хэмээн талууд санал нэгтэй үзэв. Монгол, Орос, Хятадын хооронд улс төрийн болон түүхийн аливаа шийдэгдээгүй асуудал байхгүйг талууд цохон дурдахын сацуу  бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх нь зүйд нийцнэ хэмээн үзэв. Талууд гурван талт хамтын ажиллагааны хөгжлийг нааштайгаар үнэлж, Монгол, Орос, Хятадын  харилцан ажиллагааны тэргүүлэх чиглэл, түүнчилэн бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов.  Уул уурхайн салбарын хөгжил, дамжин өнгөрөх тээврийн гурван улсын нөөцийг хамтран ашиглах, дэд бүтцийн байгууламжийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал, байгаль орчин, хүмүүнлэгийн  солилцоо зэргийг талуудын харилцан сонирхолд нийцсэн цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл хэмээн тэмдэглэв. Талууд бүс нутгийн хөгжил цэцэглэл, тогтвортой байдлын төлөө олон талт бодит хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхээр тохиролцов. Дараагийн зөвлөлдөх уулзалтыг 2013 онд  БНХАУ-д хийхээр шийдвэрлэв хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин