Нисдэг загас байдаг уу
2012-10-30

Та нисдэг загасны тухай урьд хожид сонсож байсан уу. Сонсоод дэгс үг биз хэмээн анзааралгүй өнгөрч байв уу. Тэгвэл нисдэг загас байдаг гэдэг хэдийнэ батлагдсан мэдээлэл аж. Шувуу шиг элин халин нисэхгүй ч гэсэн усны мандлаас дээш өндөрт нисэж чаддаг загасыг еxocoetidae буюу нисдэг загас гэдэг. Карибын тэнгисийн Барбадос арлын ойролцоо ихээр амьдардаг аж. Тэндхийн үндэсний бэлгэ тэмдэг нь ч нисдэг загас. Дээд тал нь 1.2 метрийн өндөрт нисэж чаддаг ба минутын дотор 150 орчим метр зайг туулдаг. Загасны цээжин хэсэгт байрлах сэлүүр нь ихэвчлэн дайснаасаа зугтахад тусалдаг гэнэ. Усны давалгааны чиглэлийг ашиглан нисэж чадвал бүр 400 метр зам ч туулдаг гэнэ. Нисдэг загасыг найман төрөл, 64 зүйлд хуваадаг. Өөр хоорондоо цээжний сэлүүрээрээ ялгардаг юм байна. Далайн “шувуу”-ны зарим төрөл нь сүүл хэсэгтээ “далавчтай”. Тэдгээрийг дөрвөн далавчтай нисдэг загас гэж нэрлэдэг байна. Нисдэг загасны биеийн ерөнхий хэлбэр нь пуужин шиг, 15-50 см урт. Усан дор ангуучлахдаа 60 км/ц хурдалдаг. Ийнхүү хурдлахдаа сүүлээ секундэд 70 удаа хөдөлгөж, огцом огцом чиглэлээ өөрчилдөг сүрхий золиг гэсэн. Мөн нисээд “газардахдаа” сүүлний төгсгөл хэсгээ усанд хийж, хурдаа сааруулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, сүүл нь тоормозны үүрэг гүйцэтгэнэ. Шөнийн цагаар нисдэг загаснууд гэрэлтдэг гэнэ. Нисдэг загасны мах тун амттай учир агнуурын зорилгоор барьдаг байна. Түүнчлэн уг загасны түрс гайхалтай том буюу 0.5-0.8 мм, улаан шаргал өнгөтэй. Япончууд далайн “шувуу”-ны түрсийг тобико гэдэг бөгөөд сушинд өргөн хэрэглэдэг байна. Хэзээ нэгэн цагт таныг далай тэнгист аялан явахад тань усны мандал дээгүүр загас нисэж яваа харагдвал та бүү гайхаарай. Н.Өрнө
Shuud.mn
Сонин хачин