Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа
2012-11-26

Өнгөрөгч долоо хоногийн дэлхий дахины үйл явдал, чухал хэмээн цохогдсон мэдээ мэдээ мэдээллүүдийг тоймлон хүргэж байна. Эдгээрт улс орнуудын төрийн тэргүүнүүд болоод улс төрийн томилгоо, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг шийдвэрлэн хэлэлцээ хийсэн зэргийг нэрлэж байна. Түүнчлэн Бангладеш улсын оёдлын үйлдвэрт гарсан томоохон гал түймэрт 120 гаруй хүн  амь насаа алдсан нь сүүлийн хэдэн жилд гараагүй үйлвэрлэлийн осол боллоо хэмээн тэмдэглэж байгаа юм.

Японы тал БНХАУ-д суух шинэ элчингээ томиллоо

Япон улсыг төлөөлөн БНХАУ-д суух элчин сайд зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгсч дахин шинээр тус улсад суух элчин сайдыг нэрлэв. Шинээр томилогдсон элчин сайд Масато Китра 59 настай. Түүний хувьд 1976 оноос Японы гадаад харилцааны яаман ажиллаж байгаа бөгөөд энэ салбартаа мэргэшсэн туршлагатай албан хаагч юм. Тэрээр ирэх сард Бээжин хотыг зорих тухай NHK суваг мэдээлсэн.

Эдгээр хоёр орон улс төрийн харилцаандаа нэлээд шинэчлэл хийх төлөвтэй байгааг шинжээчид хэлж байгаа. Тус хоёр орны улс төрийн байдал сүүлийн саруудад арлын маргаанаас үүдэн таагүй байгаа. Гэхдээ энэ байдал сайнаар эргэж,  асуудад нааштайгаар шийдэгдэх боломжтой хэмээн найдаж байна. БНХАУ-ын удирдлага ч солигдсон, тус улсад суух элчин ч шинэчлэгдэж байгаатай холбоотой. Тиймээс арлын маргааны асуудлыг ч мөн илүү тайван замаар шийдэх боломжтой болж байгаа юм. Энэ асуудалтай Тайвань улс ч холбоотой. Өнгөрөгч есдүгээр сард Японы тал маргаан дэгдээгээд байсан ардын дөрвийг нь өөрийн болгосон. Харин одоо хамгийн том арал болох Синкаку арлын асуудал үлдсэн.

Израйль, Газын хооронд гал зогсоох хэлэлцээ хийв

Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан үйл явдал бол Израйль, Палестины хоорондох мөргөлдөөн байсан. Энэ сарын 19-ний орой эхэлж хоёр тал бие бие рүүгээ пуужингаар харваж олон тооны хүн амь насаа алдсан. Энэхүү халдлага  жилийнхээ ой дээр дахин гарч байгаа юм. Өмнөх жил өмнө үүнтэй адил мөргөлдөөн гарч байсан. Босогч, мөргөлдөөн гаргагчид нэг жилийн ой дээр дахин үймээн самуун дэгдээсэн нь энэ байжээ.

Харин Израиль, Газын хоорондох хурцдаад байсан асуудлаар гал зогсоох хэлэлцээр хийхээр Каир хотод сөргөлдөгч талууд болон НҮБ-ийн төлөөлөгчид, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар  хүрэлцэн ирж гал зогсоох хэлэлцээрийг хийж чадсан. Ингэснээр хоёр улсын жирийн иргэд дайны галаас ангижирч, сэтгэл амар байх  нөхцөл  бүрдсэн. Энэхүү санаачлагыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн гаргасан  бөгөөд. Санал  нь дэмжигдэн энх тайван тогтсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн  билээ.

Тайландын Ерөнхий сайдыг огцруулахаар жагсав

Тайландын нийслэл Бангкок хотод өчигдөр тус улсын анхны хатагтай Ерөнхий сайд Иенглак Чинаватрыг эсэргүүцсэн томоохон жагсаал хөдөлгөөн өрнөсөн. Тайландаас дүрвэсэн ерөнхий сайд асан Таксин Чинаватрын дүү Иенглак Чинаватрыг огцрохыг шаардсан 10 мянга гаруй эсэргүүцэгчдийн жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэн тараажээ. Иенглак Чинаватрыг эсэргүүцэгчид түүнийг ахынхаа утсан хүүхэлдэй хэмээж байгаа юм. Жагсагчид болон цагдаа нарын хоорондох  мөргөлдөөний үеэр цагдаагийн долоон ажилтан гэмтэж бэртжээ. Жагсагчид Бангкок хот дахь парламентын ордны ойролцоох Хааны ордон руу нэвтрэхийг завдаж, хана руу авирахад цагдаа нар тэднийг зогсоосон байна. Тайландад эсэргүүцлийн жагсаал цуглааныг хориглодоггүй боловч цагдаа нар өчигдрийн эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газрын эргэн тойрон дахь гудамжуудыг хаахаас өөр аргагүйд хүрчээ.

Жагсагчдын нэг “Чинаватра сонгуульд 15 сая хүний санал авсан гэж ярьдаг. Харин би түүнийг сонгоогүй. Тиймээс тэр 15 сая хүний нэг биш гэдгээ харуулахаар энд жагсч байна” хэмээн ярьжээ.

Мексикийн  ерөнхийлөгч улсынхаа нэрийг солих хүсэлт гаргав

Мексикийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Фелипе Кальдерон улсынхаа нэрийг солих санал гарагжээ. Улсынхаа шинэ нэрийг ердөө “Мексик” болгон солих саналтай байгаагаа илэрхийлсэн байна. Одоогоор Мексикийн нэгдсэн улс гэсэн нэртэй байгаа юм.

Ерөнхийлөгч Фелипе Кальдерон 2003 онд мөн улсынхаа нэрийг солих хүсэлт гаргаж байсан ч тухайн үед дэмжигдэж чадаагүй. Харин энэ удаад дэмжигдэх магадлал тун өндөр байгаа аж. Учир нь тухайн үед дэмжлэг авч чадаагүй засгийн газар унаж шинэчилсэн удирдлагаар явж байгаа учир улсын нэрийн солих асуудал нэлээд нааштай байх магадлал өндөр байгаа гэж үзжээ.

Ерөнхийлөгч Фелипе Кальдерон хэлэхдээ манай улс нэрээ сольсон ч өв уламжлал,  түүх ёс заншил  маань урьдийн адил хадгалагдах болно хэмээн ярьсан юм.

Энэ онд 119 сэтгүүлч амь насаа алдсан байна

Олон улсын хэвлэлийн институтын гаргасан тооцоо судалгаагаар энэ онд нийтдээ 199 сэтгүүлч ажлаа хийж байх үедээ бусдын гарт амь насаа  алдсан болохыг мэдээллэв. Энэ үзүүлэлт нь 1997 оноос  хойшхи хамгийн өндөр үзүүлэлт хэмээн статистикчид хэллээ.

Амь насаа алдсан сэтгүүлчдийн 36 нь Сирид ажиллаж байх үедээ амиа алджээ. Мэдээлэл дамжуулсныхаа төлөө халуун амиа золино гэдэг тун ч харамсалтай хэрэг. Хоточ нохойн үүргийг гүйцэтгэж, нийгмийн сэргүүлэг болж байдаг сэтгүүлчийн цаг бус, халдлага дарамтын шинжтэй үхэл ихсэж байгаа нь сэтгүүл зүйн салбар хэр зэрэг түгшүүр дунд ажиллаж байгааг илтгэж байгаа юм.

Сирийн дараагаар Сомали улс бичигдэж байгаа. Тус улсад энэ онд 19 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.  Түүний дараагаар Мексик, Пакистан болон Филиппин зэрэг орнууд орж байна.

Бангладешийн оёдлын үйлдвэр шатав

Бангладешт оёдлын үйлдвэрт гал гарсны улмаас 120 хүн амиа алдсан томоохон осол гарав. Гэвч галд өртөж амиа алдсан хүмүүсийн дээрх тоо зөвхөн албан бус тоо  хэмээж байгаа. Гал түймрийн осол өчигдөр тус улсын нийслэл Дака хотын Ашулиа дүүрэг Тазрин оёдлын үйлдвэрийн есөн давхар барилгад гарсан юм. Гэрчүүдийн хэлснээр хохирогчдын зарим нь гал түймрийн үеэр барилгаас үсэрч байсан тухай мэдээллэсэн байна. Гал түймэр юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа боловч хоёр давхраас гал дүрэлзэж, утаа багширч байснаас дээд давхруудад байсан хүмүүс гарч чадаагүй аж. Гал түймрийн эхний мэдээ ирэхэд нас барсан хүний тоо 80 гэж байсан ч аврах ажилтнууд барилга руу орсны дараа амиа алдагсдын тоо 100 гарсныг мэдээлсэн байна.

Бангладешийн оёдлын томоохон үйлдвэрүүдэд гал түймрийн аюул осол их гардаг нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт муу, ажиллах нөхцөл хүнд, ажиллагсдын тоо их зэрэг олон шалтгаантай байдаг гэнэ.  2010 онд  Бангладешийн өөр нэг оёдлын үйлдвэрт гал түймэр гарснаас 25 ажилчин амиа алдсан хэрэг гарч байсан юм. Тус улсын 4.500 гаруй оёдлын үйлдвэрт ойролцоогоор хоёр сая гаруй хүн ажилладаг гэсэн тоо байдаг аж.

Э.Мөнхнасан

Shuud.mn
Сонин хачин
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2012-11-26