Г.Ганхуяг: Ирэх дөрөвдүгээр сар гэхэд гэр хорооллыг орон сууцжуулах ажил эхэлчихсэн байна
2013-01-10

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн дарга Г.ГАНХУЯГТАЙ ярилцлаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулахаар нэлээд олон ажил хийнэ гэсэн. Түүний дотор энэ ондоо багтааж тодорхой газруудад бүтээн байгуулалт эхэлнэ гэж байгаа. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гэр хорооллыг хөгжүүлэхээр тодорхой байршлуудыг эхний ээлжид дэд бүтцэд холбох техникийн боломжийг харж сонгож авсан. Мэдээж үүнийг дагаад инженерийн шийдлээ сонгох ёстой. Хамгийн энгийн, амархан арга гэвэл төвлөрсөн халаалтын системд холбох явдал. Тиймээс төвлөрсөн халаалтын системд холбогдох боломжтой 28 хорооны нутаг дэвсгэрийн 14 мянга гаруй айлын хашааны 1052 га газрыг уг төлөвлөгөөнд хамруулсан. Эхний ээлжид зургаан газрыг сонгож авсан юм. Энэ бол маш том бүтээн байгуулалт. Одоогоор эдгээр газарт бид судалгаа хийж байна. Энэ долоо хоногийн эхээр гэр хорооллын газруудтай танилцлаа. Тухайн газарт оршин суудаг иргэдтэй уулзаж, орон сууц эсвэл хувийн сууц гэдэг сонголтоос гадна өөрийн сууцаа дулааны шугамд холбуулах хүсэлтэй эсэх саналыг нь авах олон талын судалгааг хийж байгаа. Мөн тухайн газрыг хэрхэн хөгжүүлэх саналыг газрын эзнээс авч эхэлсэн. Жишээ нь, оршин суугаа газарт нь хийхээр төлөвлөсөн ажлаа иргэдэд бүдүүвч зургаар танилцуулж, дээр нь нэмж юу хийвэл тав тухтай амьдрах талаар тэднээс санал авч байгаа. Үүний дагуу иргэд бидэнд санал хүсэлтээ гаргаж байгаа.

-Үүнд иргэдийн оролцоо гэхээс илүүтэй төрийн оролцоо чухал байх. Эзэмшил газрыг нь хямдхан үнэлэх вий гэсэн хардлага иргэдийн дунд байдаг?

-Үүний тулд төр, газар өмчлөгч иргэн, хувийн хэвшил гэсэн гурван тал хамтран ажиллах шаардлагатай. Энэ гурван талд өөр өөрийн гэсэн ашиг сонирхолтой байх нь тодорхой. Юуны өмнө иргэн хүний амьдрах орчин сайжирвал үүнийгээ дагаад эзэмшлийнх нь үнэлгээ өссөн байх ёстой. Яаж өсөх вэ гэхээр өнөөдөр 20 сая төгрөгийн үнэтэй хашаа байлаа гэхэд дэд бүтцэд холбогдохоор зах зээлийн хуулийн дагуу үнэлгээ нь нэмэгдэнэ. Тэр хэрээрээ орон сууцанд орох хүсэл¬тэй бол ам метр нь томрох жишээтэй. Харин төрийн зүгээс  дэд бүтцэд холбох судалгаанаас эхлээд шаардлагатай гэсэн ажлуудыг хийх ёстой. Үүний дараагаар хувийн хэвшил энэ бүтээн байгуулалтад орно. Гэхдээ хувийн хэвшлийнхэн энэ ажилд хэрхэн оролцох вэ гэхээр нэгдүгээрт, иргэдийн шаардлагыг хангах өөрөөр хэлбэл иргэдийг хохироох ёсгүй. Ингэхийн тулд төсөл хөтөлбөрийн хүрээнд батлагдсан стандартыг мөрдлөгө болгох шаард¬лагыг тавина. Мэдээж хувийн хэвшлийнхэн ашгийн төлөө оролцох боловч иргэний эрх ашгийг эн тэргүүнд тавих ёстой. Тиймээс дээрх дахин төлөвлөх байршлын бүсүүдийг сонгохдоо инженерийн шугам сүл¬жээнд холбогдох боломжийг харахаас гадна дүүргүүдийн ИТХ-ын гишүүдээс авсан мэдээлэл, иргэдийн төлөөллийн санал хүсэлт, түүнчлэн гэр хороололд төсөл хэрэгжүүлж байгаа Олон улсын байгууллагаас санал авсан.

-Иргэдийн төлөөллөөс хэр их санал ирж байна вэ?

-Одоогийн байдлаар орон сууцанд орох сонирхолтой иргэд төлөөллөөрөө дамжуулан маш их холбогдож байна. Өнөөдөр гэхэд ажлын байр нэмэг¬дүүлэх үүднээс газар дээрээ худалдаа үйлчилгээний төв бариулъя эсвэл орон сууц бариулмаар байна, бид газраа чөлөөлөхөд бэлэн гэсэн иргэд олноор ирж байна. Энэ санал хүсэлтийн хариуд бид ажлын эхний үе шат хэрхэн явахыг танилцуулдаг. Түүний дараагаар тухайн иргэд хурлаа хийж өөрсдийн хэрэгцээгээ тодорхойлдог юм. Төлөвлөгөөнд орсон зургаан байршлын газраас гадна Азийн хөгжлийн банктай хамтран томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хоёр ажил хоорондоо тодорхой хэмжээгээр уялдаж явагдана. Энэ онд ажил эхлүүлэх зургаан байршилд Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын V, VI, VII хороо, Чингэлтэй дүүргийн МҮОНРТ-ийн орчим буюу VII хороо, Дамбадаржаагийн 58 дугаар сургуулийн орчим, Дарь-Эхийн II хороо, Амгалангийн хувийн орон сууцтай хэсэг болон Гандангийн дэнжийг хамруулсан. Гандангийн дэнжийг соёлын өв, түүх дурсгалын байгууламжтай гэдэг утгаар хамруу¬лах нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр газарт дахин төлөвлөлт хийгээд энэ ажил дуусчих юм биш. Цаашаа үргэлжилнэ. Ер нь суурь нь тавигдаж байна гэж ойлгож болно. Дээрх сонгож авсан зургаан байршлаас гадна Сонгино¬хайрхан дүүргийн X хороо, Баянзүрх дүүргийн XXIII хороо, Баянгол дүүргийн XXII хорооны иргэдийн хүсэлт ирж байна. Үүнийг бид шат дараалан судалж үзэж байна.

-Төр, газар эзэмшигч, хувийн хэвшил гэсэн гурван талын ойлголцлыг хэрхэн хангах вэ?

-Энэ гурван талын хоорондын зангилааг маш сайн уялдуулах хэрэгтэй. Үүний тулд судалгааны ажил хийж байна. Нийслэлийн зүгээс сайхан хоттой болох нь туйлын зорилго, иргэн хүн тав тухтай амьдрах орчинтой болох нь чухал. Үүнийг хангах явцад хувийн хэвшил ашиг олох боломжтой болно. Тэгэхээр энэ гурвын уялдааг сайн зангидахгүй бол энэ ажил урагшлахгүй. Асуудлын гол нь төлөвлөлтийн зургаа зөв бэлтгэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд олон удаагийн уулзалт хийх, санхүүжилтээ шийдвэрлэх шаард¬лагатай. Энэ гурван асуудлыг зөв шийдээд, ажлаа эхлүүлчих юм бол цаашаа аяндаа явна. Санхүүгийн хувьд бид харьцангуй өөдрөг байгаа. Гадаад дотоодын олон байгууллагууд хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нийслэлийн “Эдийн засгийн зорилтот хөтөлбөр 2013”-т гэхэд санхүүжилтийнхээ дийлэнхийг гэр хорооллыг хөгжүүлэхэд зар-цуулъя гэсэн зорилт тавьсан. Дараагаар нь нийслэлийн хөрөнгөөс 40 тэрбум төгрөгийг дэд бүтцэд зориулахаар болсон. Нэг их мөнгө биш ч гэлээ тодорхой ажлуудыг эхлүүлэх бололцоотой. Одоогоор ийм ажлууд хийж байна.

-Иргэдээс ирсэн саналд орон сууцанд орох эсвэл амьдарч буй сууцаа дулааны шугамд холбуулах хоёрын аль давамгай байна вэ?

-Ер нь олон хүчин зүйлээс хамаарч санал тавьж байна. Хотын төвд ойрхон байршилтай газар өндөр үнэтэй байх нь ойлгомжтой. Хэрвээ тухайн газартаа орлогын эх үүсвэр¬тэй бол тэндээ амьдрах сонирхол их байна. Гэтэл хотын захын хороол¬лынхон орон сууцанд орох нь ашигтай гэсэн шийдвэрийг гаргаж байгаа.

-Өнгөрсөн хавраас Дэнжийн мянга орчимд дулаан дамжуулах төв баригдаж эхэлсэн. Уг нь төлөвлөгөөний дагуу намар нь ашиглалтад орох байсан ч тодорхой бус шалтгаанаар ажил зогссон. Үүн шиг энэ ажил замхарч алга болох вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд бий?

-Дулаан дамжуулахтай зэрэгцээд цахилгааны эх үүсвэрийг нэмэг¬дүүлэх өргөтгөлийн ажлуудыг хийнэ. Ажлыг замхрах вий гэж болгоомжлох биш ажил хэрэг болгохоор гэж зорьж хийвэл үр дүнд хүрдэг. Төвлөрсөн дулаанд холбох боломжгүй газрууд байна. Үүнд бид судалгаа хийж байгаа. Нэг хэсэг байрш¬лын бүс буюу жишээ нь Баянхошуунд гэхэд тэр хэсгийн айлуудын дунд нь байгальд ээлтэй уурын зуух барьж болно. Гэтэл дахиад асуудал гарна. Учир нь, айлуудыг төлөвлөлтөд хамруулахын тулд уурын зуух барих газар гаргах шаардлага тулгарна. Захын хороол¬лын¬хонд энэ асуудлыг шийдвэрлэхэд харь¬цангуй хялбархан. Гэтэл хотын төвд ойрхон газартай иргэдийн хувьд үүнийг шийдвэрлэхэд саад учрахыг үгүйс¬гэхгүй.

-Сонгож авсан байршлын бүсэд барилга байгууламж барих ажил эхлэх гэтэл иргэд газраа суллаж өгөхгүй гэх асуудал үүсгэвэл яаж зохицуулах вэ?

-Ийм асуудал үүсэхгүй гэх газаргүй. Тиймээс хууль эрхзүйн орчинг сайжруулах хэрэгтэй. Одоогоор Хотыг дахин хөгжүүлэх тухай, Газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх тухай хуулиудыг хэлэлцэж байна. Хэрвээ батлагдвал дагаад хэд хэдэн журмууд гарах юм. Ер нь хэн ч бай нийтийн ашиг сонирхлыг хүндэт¬гэх ёстой. Нөгөөтэйгүүр төр юм уу, хувийн хэвшил иргэн болгонтой яриад байж болохгүй. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр тухайн газар өмчлөгчид төлөөлөн удирдах зөвлөлөө сонгоод хоорондоо зөвшилцөх хэрэгтэй. Ингэснээр манай төсөл хөтөлбөрт иргэд өөрсдийн саналаа суулгах боломжтой болох юм. Хоёрдугаарт, хэрвээ төлөөлөн удирдах зөвлөл байгуулаад хамтарч ажиллавал орон сууцны сууц өмчлөгчдийн холбооны үйл ажилла¬гаатай адилхан төвшинд үйл ажиллагаа эрхлэх боломжтой болох юм. Гэхдээ энэ бол яг эцсийн шийдвэр биш. Бидний хийхээр төлөвлөж байгаа ажлуудын нэг.

-Эхний ээлжид хийхээр төлөвлөгдсөн ажлууд хэзээнээс эхлэх вэ?

-Ямар ч байсан ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд зураг батлагдчихсан, барилга байгууламж барих ажил эхэлчихсэн байна.

Б.Нацаг-Эрдэнэ

Эх сурвалж: “Үндэсний шуудан”

Shuud.mn
Сонин хачин
100 айлын гэр хороолол, гандангийн айлууд зэргийг хурдан орон сууцжуулмаар байна. гандан бол жуулчид ирэхэд ёстой шараа шүү. ариун номын газар гэчээд аягүй заваан
2013-01-10
баянхошуу гээд үүл баатар тэгээд байсан ханын материал байсан юм уу
2013-01-10
Зочин:
Төлөөлөн удирдахзөвлөл гэж бас нэг СӨХ шиг бүх хүндээ хүрдэггүй хэсэг бүлэг мөнгөний нөхдүүд гарч ирдэг юм. Одоо СӨХ-ыг Оронсууцны газартай нэгтгэх хэрэгтэй. Хариуцлага хүлээдэгүй хэдэн хүнээс гарын үсэг цуглуулсан нөхдүүд цөөнхийн амыг хаагаад болно. Амьдрал руу нарийн орох хэрэгтэй. Нэг их амархан юм бодоод байна. Нэг жил ийм цөөхөн хороотой ажиллах юм бол хэзээ хотыг янзлах вэ.
2013-01-10
Naraa:
Tanai site humuus commentuudiin daguu ergej survaljlaga hiij ogdog uu. 7r horoololiin talaar medeelel avmaar baina. Olon jil yrigdaad chimeegui bolloo.
2013-01-10
Зочин:
Зураг төсөл нь батлагдчихсан, ажил нь эхэлчихсэн байгаа ажлаа дэмжээд явуулахыг бодохгүй байж том том юм яриад суух юм аа.
2013-01-10
Зочин:
Ингэж юм юм руу үсчиж байхаар эхлээд өчнөөн жил ярьсан 7 дугаар хорооллын газраа бүрэн чөлөөлж, шугамаа тавиад дуусгачихаач. Барилгын тэр олон заваан дэлгүүрүүдийг хэзээ нүүлгэх юм бэ?
2013-01-10
Naraa:
Өмнөх ажлиа дуусгаагүй байж ахиад шинэ ажил руу эхлүүлж мөнгө идэх арга юм байх даа. Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 хороодуудын асуудал юу болж байгаа юм болоо,
2013-01-10
zohin:
amaaraa bol ajliig aimaar hiideg bololtoi.4sariin 1 hurtel harj l baiya ganhuyagaa
2013-01-10
Би ухаан орсных ийм гарчигтай мэдээ их уншлаа даа
2013-01-10