Утаагүй зууханд шахмал түлш түлээд эхэлбэл Улаанбаатар хотын утаа 75 хувь буурна
2012-10-28

Улаанбаатар хотын гэр хороололд 180 мянган өрх айл, ойролцоогоор 760 мянган хүн амьдарч байгаа юм. Нийслэл хотод оршин суугчдын 60 орчим хувь нь гэр хороо­лолд амьдардаг юм билээ. Гэр хорооллын айлуудад 140 мянган ширхэг утаагүй зуух тараахад Улаанбаатар хо­тын утаа 50 хувь багасах тооцоо бий. Утаагүй зуух дээр шахмал түлш нэмэхэд утаа 75 хувиар буур­на. Орон орон дээр цахилгаанжуулалтыг нэмбэл гэдэг шиг утаагүй зуух, шахмал түлш, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн (Гэрийн туурга, шал, цахилгаан халаагуур гэх мэт) нийлүүлэхэд утааны асуудал 100 хувь буурах аж. Харамсалтай нь энэ жил 17 тэрбум төгрөгөөр баригдаж буй шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орохгүй юм билээ. Өнгөрсөн жилийн өдий үед утаагүй зуух тараах ажил ахиц муутай байсан. Арай гэж 500 ширхэг утаагүй зуух Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүрэгт тараасан байв. Үүнээс хойш өвлийн ид хүйтэн, хаврын саруудад утаагүй зуухны эрэлт хэрэгцээ илэрхий нэмэгдсэн юм билээ. УИХ-ын гишүүд тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр утаагүй зуух авч тойрогтоо хүртэл тараасан нь нэр хүнд, эрэлт хэрхэн бий болсныг илтгэж байгаа юм. “Цэвэр агаар сан’’-гаас 2011 онд 70 мянган ширхэг утаагүй зуух тараажээ. Энэ жил тараах 70 мянган ширхэг утаагүй зуух нь ирж байгаа юм. Яагаад утаагүй зуухны эрэлт хэрэгцээ өсөв. Дүүрэг, хороо, хэсгийн дарга нарын анхааралд өртөж, арын хаалганы хэрэгсэл болов. Үүнд хариулт бий. Чингэл­тэй дүүргийн тавдугаар хорооны иргэн С.Батмөнхийн ярьснаар бол “Манай жилдээ 600 мянган төг­рөгийн нүүрс, түлээ түлдэг байлаа. Харин утаагүй зуух тавьснаас хойш 300 мянган төгрөгийн хэмнэлт бий болсон. Үүнээс гадна ямар ч түлш бүрэн шатаж дуусахаас гадна цахилгаан, татварын хөнгөлөлт эдлэх болоод байна” гэжээ. ХОРОО, ХЭСГИЙН ДАРГА НАР УТААГҮЙ ЗУУХНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОВ Иргэд утаагүй зуух гэртээ тавьснаар түлшний хэмнэлт гарч байгааг мэдсэнээс хойш утаагүй зуухны нэр хүнд суга өсчээ. Харин утаагүй зуухны нэр хүнд өсөхийн хэрээр дүүрэг хороодын Засаг даргын халаас түнтийсэн гэхэд болно. Баянзүрх дүүргийн хороо, хэсгийн дарга нар зарим нэг иргэдийн нэрээр утаагүй зуух авч дамлан зарж байгаад цагдаад баригджээ. Энэ зөрчил олон дүүргийг хамрах шинжтэй болж байгаа бөгөөд дүүрэг хороодын Засаг дарга нар хуулийн байгууллагад эхнээсээ дуудагдаад эхэлсэн байна. Улаанбаатар хотоос хальсан утаагүй зуух Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн айл өрхөд хүртэл очсон байна. Цаашид утаагүй зуухны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ар өврийн хаалга нэмэгдэх шинжтэй болжээ. ШИЛЖИН ИРЭГСДЭД УТААГҮЙ ЗУУХ ОЛДОХГҮЙ БАЙНА “Цэвэр агаар сан” дээр очиход утаагүй зуух хүссэн иргэдтэй тааралдав. Чингэлтэй дүүрэгт оршин суудаг ч хороондоо бүртгэлгүй юм байна. Хаягийн бүртгэлгүй, шилжин ирэгсэд, орон байр хөлслөгч нарт зуух олгосонгүй. Тэдгээр иргэд хаана хандахаа мэдэхгүй байгаа гэнэ. Улаанбаатар хотод жилд дунджаар 20-30 мянган иргэн шилжин ирдэг. Ойролцоогоор 8-10 мянган өрх айл нэмэгдэж байна гэсэн үг. Эдгээр иргэдэд утаагүй зуух олгохгүй байна гэдэг утаа бас нэмэгдэх нь ойлгомжтой юм. Энэ талаар “Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх “Энэ жил утаагүй зуух 70 мянган ширхэг тараагдана. Утаагүй зуухны нийлүүлэлт нэмэгдсэн тохиолдолд хороонд түр оршин суудаг иргэдэд олгох бүрэн бололцоо бий. Төсөв хөрөнгөндөө баригдаад байна. Гэхдээ энэ асуудлыг шийднэ" гэсэн юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт утаагүй зуух тараах ажил дуусч байгаа аж. Гэсэн хэдий ч утаагүй зуух хүссэн иргэдийн өргөдөл ирсээр байгаа гэнэ. Утаагүй зуухаа зарсан, хэрэглээгүй айлуудад сануулах, хорооны бүртгэлээс хасах хүртэлх арга хэмжээ авах тухай яригдаж байгаа юм. УЛААНБААТАРААС ГАДНА НАЙМАН АЙМАГ УТААГҮЙ ЗУУХ АВАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЖЭЭ Утаагүй зуухыг гэр хорооллын иргэдээс гадна зуслан дээрээ тавих гэсэн сонирхол ихэссэн аж. Тооцоонд ороогүй эрэлт нэмэгдэхийн хэрээр 140 мянган ширхэг утаагүй зуух хүрэлцэхгүй болох нь тодор­хой болжээ. Гэтэл утаагүй зуух нийлүүлж байсан зарим компани ирэх жилээс энэ ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тухайлбал MCS групп “Манай хамт олон нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу утаагүй зуух нийлүүлж бай­гаа гэлээ. Зуух дэлбэрдэг, халаалалт муутай гэсэн хэл ам татарсан байна. Иргэд ч энэхүү зуухаа бүрэн ашиглаж сурч байгаа бололтой. Энэ жилээс эхлэн хашаандаа байшинтай айлуудад тавигдах “Канад" усан халаалт бүхий утаа­гүй зуух ирж байна. “Канад” зуух 80-120 квадрат талбайг халаах хүчин чадалтай аж. Одоогоор 12 мянган зуухыг тараачихаад байгаа гэнэ. Ойрын таван жилдээ гэр хорооллыг бүрэн барилгажуулж чадахгүй учир утаагүй зуухаар хангах зорилт байгаа юм. Мөн Хэнтий, Сүхбаатар, Завхан, Баянхонгор, Дархан, Эрдэнэт, Ховд зэрэг аймгууд утаагүй зуух авах хүсэлтээ ирүүлсэн байна. Т.Эрдэнэ
Shuud.mn
Сонин хачин