Билгийн улирлын тийн ялгуусан хэмээгч Усан могой жилийн анхны бүсийн уралдаан, засгийн газрын шийдвэрээр зохиогдож буй "Дүнжингарав 2013" төвийн бүсийн хаврын уралдаан өнөөдөр эхэллээ. Энэхүү уралдааныг Монголын морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулж байгаа ба энэ уралдаантай зэрэгцэн Нийслэлийн Багануур дүүрэгт "Нүүрэнтэйн хурд 2013" уралдаан болж байна. Мөн Төв аймгийн Баянчандмань сумнаа "Аймгийн хойд бүс"-ийн уралдаан болох бол Өвөрхангай аймгийн Бүрд сумнаа "Өвөрхангай аймгийн зүүн бүс"-ийн уралдаанууд тус тус зохион байгуулагдаж, дээд гурван насны хурдан хүлгүүд тоосоо өргөнө. Хүй долоо худагийн Цагаан хөтөлд зохиогдож буй "Дүнжингаравын хурд” уралдаанд 1200 орчим ажнай тоосоо өргөж байгаа юм. Энэхүү уралдааны эрлийз насанд 76 хурдан хүлэг тоосоо өргөж, сүүлийн жилүүдэд нэрд гарсан шинэ цагийн хурдууд уралдаж, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүргэдэйн хээр түрүүллээ. Бүргэдэйн хээрийг Монгол улсын тод манлай уяач Дашдоржийн Мөнхбатаагийн хүү Цэрэндамба уяа сойлгыг тааруулсан аж.
Хурдан азаргын уралдаанд 250 гаруй хурдан хүлэг хурд хүчээ үзсэнээс Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Жоки Клубын уяач Гантөмөрийн Дашзэвэгийн зээрд халзан түрүүллээ. Халзан азаргыг Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Бага Хэнтийн бүсийн алдарт уяач Мөнхсүхийн Батбилэг уяж хурдлуулжээ. Харин аман хүзүүнд өнгөрсөн жил "Дүнжингарав 2012" уралдааны түрүү магнай Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран" ХХК-ийн захирал, ААУяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр удаалсан байна.
П.Наран