З.Энхболд: Сэтгүүлчдийн үүргийг өндрөөр үнэлдэг
2013-03-06

МЭНДЧИЛГЭЭ

-Монголын нийт сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад-

Монголын үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойг тохиолдуулан нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд дэвшүүлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна.

Нэрт соён гэгээрүүлэгч Жамсраны Цэвээн тэргүүтэй Монголын үндэсний дэвшилтэт сэхээтнүүд 1913 оны 3 дугаар сарын 6-нд “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаарыг нийслэл Хүрээнд өөрсдөө хэвлэн гаргаж, дотоод гадаад мэдээллийг түмэн олондоо түгээж эхэлсэнээр манай тогтмол хэвлэлийн түүхийн хуудсыг нээсэн байна.

“Шинэ толь хэмээх бичиг” сонин Монголын нийгмийн оюун санааны амьдралд цоо шинэ эргэлт гаргаж, Монгол Улсад тогтмол хэвлэл үүсч хөгжих, монгол хүн бичиг үсэгт суралцаж соён гэгээрэх үзлийг түгээн дэлгэрүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Монголын сэтгүүл зүй 100 жилийн түүхэн хугацаанд тасралтгүй хөгжиж Монголын нийгэмд төдийгүй дэлхийн хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зай, байр сууриа эзэлж чадсан байна. Тийм болохоор сэтгүүл зүйн энэ түүхэн ой бол зөвхөн сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн ажилтан, нийтлэлчдийн төдийгүй манай нийт уншигч, сонсогч, үзэгчдийн, хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллага, хамт олны хамтын том баяр мөн.

Ардчилсан нийгмийн хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг, үнэт зүйлсийн найдвартай баталгаа болсон чөлөөт хэвлэлийг бэхжүүлэх явдлыг Монголын төр онцгой ач холбогдолтой хэмээн үзэж, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн билээ.

Үүний тод илрэл нь Монгол Улсын Их хурлаас 1998 онд баталсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хууль, “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоол, 2005 онд баталсан “Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай”, 2011 онд баталсан “Ил тод байдал, иргэдийн мэдээлэл олж авах эрхийн тухай” хуулиуд юм. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичиг нь Монгол Улсад чөлөөт, ардчилсан хэвлэл, мэдээллийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Их Хурал нийгэмд гүйцэтгэж байгаа сэтгүүлчдийн үүргийг өндрөөр үнэлдэг бөгөөд цаашид чөлөөт хэвлэл, мэдээллийг хөгжүүлж, ардчиллыг гүнзгийрүүлэхийн тулд хэвлэл, мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулсан хууль эрх зүйн шинэчлэлийг улам эрчимжүүлж, Монголын сэтгүүлчдийг бэлтгэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажиллах болно.

Монгол дахь ардчилсан нийгмийн хөгжил дэвшилд үзгийн хурц, үгийн цэцнээр өөрсдийн жинтэй хувь нэмрийг оруулж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх ариун үйлсдээ шинэ шинэ амжилт гаргахыг Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн ажилтнуудад хүсэн ерөөж байна.

Та бүхний үйлс ариун, үзэг нь хурц, үг нь цэцэн байх болтугай.

Монгол Улсын 

Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд

2013 оны 3 дугаар сарын 6

Shuud.mn
Сонин хачин