Иргэд дүүргийн төсөвтөө хяналт тавина
2013-03-19

УИХ-ын намрын чуулган завсарлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, өнгөрөгч чуулганаар хэлэлцэж, баталсан хуулиудын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ ирэх жилүүдийн төсвөө иргэдтэйгээ хэлэлцэж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн гишүүн, Засгийн газрын гишүүн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ИТХ төлөөлөгчид болон хороодын Засаг дарга нарын хамт тус дүүргийн нийт хорооны гишүүдтэй ээлж дараалан уулзалт хийж явна. Тэд энэ үеэр 2013-2016 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын жагсаалтаа иргэддээ танилцуулж байгаа аж. Тус дүүргийн хувьд ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх 262 ажлын жагсаалтаа иргэдээр хянуулж, хамгийн чухал ажлыг нь эхлүүлэх гэнэ. Мөн иргэд өөрсдийн шаардлагатай гэж үзсэн бүтээн байгуулалтын ажлыг жагсаалтад нэмж бичиж байгаа гэнэ. Ингэснээр нэн шаардлагатай гэсэн төслүүдийг Эдийн Засаг Хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам,  Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн яам, Барилга Хот Байгуулалтын яамдуудад танилцуулж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх юм байна. Өмнө нь дүүргийн төсвийн мөнгөний зарцуулалтыг зөвхөн дарга нарын үзэмжээр төлөвлөж, УИХ-аар хэлэлцэж, батлаад, хэрэгжүүлдэг байсан. Харин одоо иргэдийн хүсэлтээр төсөв баталдаг жишиг рүү шилжсэнээр илүү үр ашгаа өгсөн бүтээн байгуулалт хийх боломж нээгдэж байгаа аж.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин