Ромын пап тангараг өргөлөө
2013-03-20

Ромын хамба Францис ламтан өчигдөр сүсэгтэн олныхоо өмнө тангаргаа өргөлөө. Тэрээр ийнхүү албан ёсоор 226 дахь католик шашинтны тэргүүн болж байгаа юм. Түүний тангараг өргөх ёслолыг үзэхээр 100 мянга гаруй хүн Гэгээн Петерийн талбайд цуглаж ёслол хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд оролцсон байна. Хамбын тангараг өргөх ёслолд 132 улсаас төлөөлөгчид ирсэн бөгөөд тэдгээрээс 32 нь ерөнхийлөгч байжээ. Францис хамба олноос нэлээд таашаал хүлээгээд байгаа бөгөөд ажил үүргийнхээ хүрээнд замбараагүй болсон олон зүйлсийг цэгцэлж чадах хүн хэмээн түүнд итгэл хүлээлгэж байгаа. Энэ удаагийн пап сонгох ажиллагаа гэнэт зохион байгуулагдсан. 16 дугаар Бенедикт өөрийн хүсэлтээр биеийн байдал тааруу гэсэн шалтгаанаар суудлаасаа буусан. Ийм шийдвэрт хүрнэ хэмээн тооцоолоогүй байсан учир дараагийн папын нэрлэхэд тун хэцүүхэн байдал үүссэн билээ. Гэсэн ч кардиналуудын сонголт хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан юм. Хамба Ватиканы сүмийн  тагтан дээрээс олон нийттэй мэндчилэн хамбын хэлэх ёстой уламжлалт бэлэг тэмдэг болсон эртний мөртүүдийг хэлж энэ ариун үйлсийг удирдах болсон тухайгаа зарласан юм. Түүний дараагаар эцэг хүү ариун сүнсэнд залбирсан юм. Францис хамба өвдсөн зовсон, ядуу тарчиг баян тансаг гэж ялгалгүйгээр эх дэлхийн амар амгалан байдал, хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийн бие болоод сэтгэлийн хүчийг дайчлахаа ч амласан.Тэрбээр залбирлынхаа дараа сүмийн тагтан дээрээс “Бүх шашин хүмүүсийн сайн сайхны төлөө байдаг. Тиймээс шашинтнууд бие биеэ хүндлэх ёстой. Идэр залуус болон эрүүл хүмүүс хүүхдэд хөгшдийг хайрлах сэтгэлтэй байвал тэдний мөн чанар илэрнэ” хэмээн сургаал айлджээ. Түүний дараа сүмийн тагтнаас бууж хүмүүстэй гар барин мэндчилж, хүүхдүүдийг үнсэж, өвчтэй хүмүүсийг ч энэрэн үнссэн нь хүмүүст ихээхэн сэтгэгдэл төрүүлжээ. Хамба 17 минутын турш талбайгаар алхаж, машинаар талбайг бүтэн тойрсон юм. Одоо тэрээр католик шашны тэргүүн учир Ватиканы сүмд ажиллах ёстой болж байгаа. Тиймээс төрөлх Аргентинаасаа нүүж Италид суурьших болж байна. Э.Мөнхнасан
Shuud.mn
Сонин хачин