Аялал жуулчлалын үзэсгэлэнд 130 гаруй байгууллага оролцож байна
2013-03-23

  Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн гуравдугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг.Энэ жилийн үзэсгэлэн яармагийг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төвтэй хамтран өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн турш Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд  зохион байгуулж байна. Үзэсгэлэнд манай улсын 21 аймгийн аялал жуулчлалын газрын төлөөлөгчид хүрэлцэн ирж орон нутгийн зорих газрын онцлог байдал, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ дээжээс авчиран сурталчилж байна.  Нийт 120 талбайд  аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй гадагш чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг тур операторууд, жуулчны бааз, зочид буудал, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч үндэсний томоохон авиа компани, тийзийн үйлчилгээ эрхлэгч аялалын агентууд, урлаг соёлын байгууллага, гар урлал, ноос ноолууран эдлэл, үйлдвэрлэл эрхлэгчид гээд  нийт 130 гаруй байгууллага, аж ахуй нэгжүүд  оролцож байгаа юм. Энэ жилийн нэг онцлог нь хөдөө орон нутгаас оролцогчид өргөн хамрагдаж байгаа бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Хөвсгөл гэх мэт аймгууд  нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож байна. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, боломжийг олгодог юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин