“Монголын хавар" уламжлалт өдөрлөг болов
2013-04-03

  Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны ивээл дор, тус улсад ажиллаж амьдарч буй монголчуудын дунд уламжлал болон зохиогддог "Монголын хавар" спорт өдөрлөг 17 дахь удаагаа Прага хотноо амжилттай зохиогдов. Энэ удаагийн өдөрлөгт Чехийн арван хотыг төлөөлсөн 20 баг болон Монголоос ирсэн Олон улсын хэмжээний мастер Л.Нарантуяа, Б.Хэрлэн тэргүүтэй "Бодь групп"-ын эмэгтэй багууд оролцлоо. "Бодь групп"-ын багийн бүрэлдэхүүнд Зүүн өмнөд азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт 4 тамирчин ирж оролцсон нь өдөрлөгийн ач холбогдлыг өргөхийн зэрэгцээ Монгол дахь волейболын спортын хөгжлийг сурталчилсан явдал болов. Волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын төрлөөр хоёр өдөр өрсөлдсөн тэмцээнд О.Ананд ахлагчтай Прага хотын оюутны "Хийморь" баг тэргүүн байранд шалгарч ЭСЯ-ны нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарав. Удаах байруудад Роуднице хотын “Жонсон контролс” үйлдвэрийн “MGL”, Ческа Лийпа хотын багууд шалгарлаа. Тэмцээний төгсгөлд "Бодь групп"-ын багийн тоглогчид волейболын спортын гайхамшгийг харуулсан үзүүлэх тоглолт хийлээ. Спортын тэмцээнүүд өндөрлөсний дараа өдөрлөгийн бас нэг уламжлалт арга хэмжээ болох үдшийн цэнгүүн зохиогдож, оролцогчид дуу бүжгээр уралдан, нэгэн үдшийг хөгжилтэй өнгөрүүллээ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Shuud.mn
Сонин хачин