“Mongolia mining 2013” Олон улсын уул уурхайн үзэсгэлэн нээгдлээ
2013-04-19

“Хариуцлагатай уул уурхайн төлөө” уриан дор энэ жил гуравдахь удаагаа болж байгаа “Mongolia Mining 2013” олон улсын уул уурхайн техник технологийн үзэсгэлэн өнөөдөр (2013/4/19) Мишээл үзэсгэлэнгийн танхимд албан ёсны нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. “Mongolia Mining 2013” үзэсгэлэнд Монгол, БНХАУ, Австрали, АНУ, Канад, ОХУ, Их Британи, Герман, Швейцарь, Испани, Польш, Чех, Казахстан, Япон, Сингапур, Хонг Конг Шинэ Зеланд зэрэг орны уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгч 120 компани үзэсгэлэн гарган оролцож байгаа юм байна. Тэдгээрийн дотор геофизикийн хайгуул судалгааны компани, уул уурхайн техник технологи, хүдэр боловсруулах, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа гадаадын компаниуд уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллахын тулд Монголын компаниудтай харилцаа тогтоох зорилготой бол дотоодын компаниуд уул уурхайн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж ирсэн туршлагатай шилдэг ханган нийлүүлэгчид ажээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн албан ёсны ивээн тэтгэгчээр Германы SEW EURODRIVE, Сингапурын SINGTEL компаниуд оролцож байгаа.

Үзэсгэлэнг үзэж сонирхохоор салбарын 2000 гаруй мэргэжилтэн урьдчилан бүртгүүлээд байна. Урьд урьдын үзэсгэлэнд оролцож харилцан үр ашигтай хамтын ажиллагааны эхлэл тавьсан олон компаниуд Mongolia Mining 2013 дахин оролцож байна. Үүнээс үзэхэд Mongolia Mining үзэсгэлэн уул уурхайн салбарын техник, технологи, ханган нийлүүлэлтийн хамгийн чухал арга хэмжээ нэгэнт болжээ. Үзэсгэлэнгийн үеэр “Хариуцлагатай уул уурхай – хамтын ажиллагаа” сэдэвт бага хурал зохион байгуулагдаж байна. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлага хүлээх, компанийн сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх шаардлага улам хурцаар тавигдаж байгаа энэ үед хариуцлагатай уул уурхайн бага хурлыг Mongolia Mining 2013 үзэсгэлэнгийн зохион байгуулагчидтай хамтран Компанийн засаглалын үндэсний зөвлөл Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Энэ хурлаар уул уурхайн салбарын компанийн нийгмийн хариуцлага, компанийн засаглалын асуудлаар төрөөс барьж байгаа бодлого, уул уурхайн компанийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа, хийх шаардлагатай байгаа ажлын талаар хэлэлцлээ. Mongolia Mining ийнхүү жилээс жилд өргөжин уул уурхай төдийгүй барилга, замын салбарынхан заавал олон улсын үзэсгэлэн яармагт явахгүйгээр дэлхийн технологитой дэргэдээсээ танилцах боломж олгосоор байна. Үзэсгэлэн өнөөдөр маргааш (2013/04/19- 20) хоёрхон өдөр үргэлжлэх тул та цаг алдалгүй саатан морилно уу.

Shuud.mn
Сонин хачин