Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөв
2011-11-14

2011 оны аялал жуулчлалын салбарын идэвхтэй улирал дуусч буйтай холбогдуулан Өмнөговь аймагт энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн өмчийн байгууллагууд, иргэдийн зөвлөлдөх уулзалт Даланзадгад хотод боллоо. Аймгийн БОАЖГ, “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулсан энэ уулзалтад аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, МХГ, Говьгурвансайхан БЦГ-ын хамгаалалтын захиргаа, иргэний нийгэм, нөхөрлөлийн гишүүд, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, гар урчуудын хоршооны төлөөлөл 40 гаруй хүн оролцов. 2011 онд аялал жуулчлалын чиглэлээр хийсэн ажлаа дүгнэж, ирэх онд энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг яаж өргөжүүлэх, үзэсгэлэн яармагт ямар байдлаар оролцох зэрэг асуудлаар холбогдох албаныхан тус уулзалтаар санал солилцсон. Мод тарих, хогийн менежмент болон бохирын систем сайжруулах, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, Булган сумын Баянзагийн нэвтрэх цэгийн үйл ажиллагааг 2012 оны 5 дугаар сарын 1-нд эхлэх, орон нутагт аялал жуулчлалын “амьд сургалт”-ыг 6 сард, аялал жуулчлалын уулзалтыг жил бүрийн 5, 10-р сарын 25-нд хийх, орон нутагт аялал жуулчлалаас оруулж буй орлогыг нарийвчлан гаргах зэрэг шийдвэрт уулзалтын үеэр оролцогчид санаа нэгдсэн. Мөн цаашид энэ салбарыг хөгжүүлэхдээ аялал жуулчлалын гол нөөц болдог байгалийн үзэсгэлэнт газрууд, нүүдлийн соёл иргэншил, аж ахуйд үзүүлэх аливаа сөрөг нөлөөөллийг багасгахад хамтран ажиллах зарчим  баримтлахаар боллоо гэж Өмнөговь аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаа мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин