“Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо
2013-05-02

 

Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Оролцоог бодит болгоё” аяныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор 2 сарын аянг зохион байгуулж  аяны хүрээнд “Бид хамтдаа” эссэ бичлэгийн уралдааныг 4 сарын 10-25-ны хооронд  Их дээд болон  Ерөнхий боловсролын сургуулийн оюутан сурагчдын дунд зарлаж 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотоос ирсэн нийт 1157 бүтээлд  шалгаруулт хийн шилдэг бүтээлийн эздэд шагналыг өнөөдөр ХАХНХЯ-ны хурлын танхимд гардууллаа.

Шагнал гардуулах ажиллагаанд ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ, Дэд сайд Э.Тамир болон ХААН Банк Сан, СЗХҮТ-ын  Удирдлагууд,  Монголын Оюутан Залуусын нэгдэл ТББ-ын төлөөлөл оролцож, ангилал тус бүрт 1-4 байр эзэлсэн оюутан сурагчдад амжилт хүсч, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

ХААН Банк Сангаас энэхүү эссэ бичлэгийн уралдааныг ивээн тэтгэж, шагналын санг санхүүжүүлсний зэрэгцээ улс орон даяар байрлах салбар нэгжээрээ дамжуулан оюутан сурагчдын бүтээлийг онлайн хэлбэрээр хүлээн авч, сонгон шалгаруулах үйл явцад хувь нэмрээ оруулан хамтран ажиллалаа.

Нийт 5,200,000 төрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаанд Монгол  орны өнцөг булан бүрээс оюутан сурагчид идэвхтэй оролцсон байсан юм.Тэд эссэ бичлэгтээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжих, нийгэмших орчинг бүрдүүлэхэд юу шаардагдаж байгаа талаар хөндсөн болон хэрхэн шийдвэрлэж болох оновчтой санаа, гарах гарцаас гадна гэр бүл, найз нөхөд хамт олноороо хэрхэн дэмжиж нийгэмшүүлж чадаж байгаа тухай бодит амьдралын жишээг дурдсан нь уралдааны агуулга, зорилгод маш ихээр нийцэж байсан юм.

Уралдааны шилдгээр I байрыг МУИС-ийн ОУ-ийн сэтгүүл зүйн 3-р курсын оюутан Э.Энхчимэг, II байрыг Засагт Хан дээд сургуулийн 1-р курсын оюутан Г.Баттулга, III байрыг  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн 5-р курсын оюутан Г.Давааням, харин тусгай байрыг МУИС-ийн Нийгмийн шижлэх ухааны сургуулийн 4-р курсын оюутан Н.Цолмонгарав тус тус хүртлээ.

Мөн ЕБС-ийн сурагчдаас I байрыг  Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЕБС-ийн   11-р ангийн сурагч Ш.Гэрэлтуяа авсан бол  II байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Б.Цэндсайхан, III байрыг Увс аймгийн Улаангом хотын 1-р сургуулийн 11-9 ангийн сурагч Х.Бямбабаяр, харин тусгай байрыг Өмнөговь аймгийн Хан Хонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуулийн 11-р ангийн сурагч Э.Аминаа тус тус эзэлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих ажилд өөрсдийн хувь нэмрийг оруулж, уралдаанд идэвхтэй оролцсон нийт оюутан сурагчиддаа зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

Уралдааны  эхний байранд шалгарсан хоёр эссэг 5-р сарын 3-ны өдөр Төрийн ордонд болох “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулган дээр уншиж сонирхуулах юм.

Shuud.mn
Сонин хачин