“Тэнгэрийн шувуу” тоглолтоо хийнэ
2013-05-17

Өвөрмонголын Ордосоос гаралтай дуучин Цахар Тугчийн Урнаа дэлхий дахинаа “Талын дуучин” хэмээн алдаршсан. Германд ажиллаж, амьдардаг тэрбээр энэ сарын 29-нд ДБЭТ-т “Тэнгэрийн шувуу” нэртэй тоглолтоо хийхээр болжээ.   Уг тоглолтыг “Цэрэн турс” компани, “Гёте” институт, Монголын урлагийн зөвлөл тэргүүтэй байгууллага хамтран зохион байгуулж буй аж. Тэрбээр олон улсын хөгжмийн бүрэлдэхүүнтэй ирэх бөгөөд “Амилал”, “Тал нутаг”, “Хөдөөд” зэрэг цомгийн бүтээлээсээ үзэгчдийн сонорыг мялаах нь ээ.   Тэрээр Улаанбаатарт таван жилийн өмнө ганц удаа л ирж, тоглолтоо хийж байсан бол Европын олон улс, хотод бараг л өдөр бүр шахуу хуваариар тоглодог аж. Урнаа багадаа эмээгээсээ олон дуу сурсан гэдэг.   Тэр өөрийгөө монгол хүн хэмээн ярьдгаас бус өвөрмонгол, ар монгол хэмээн ялгах үнэхээр дургүй нэгэн. Тиймээс тэрээр тоглолт бүр дээрээ нутаг усныхаа, дуу хөгжмийнхөө тухай түүх ярьж өгнө. Монголын ардын хөгжмийн элементүүдийг өөр бусад соёлын нөлөөлөлтэй хольсон түүний өндөр ур чадвар нь нэг л сэтгэлд ойр бүдэг авиа бүхий шинэхэн дуугаралтыг бүтээдэг бол түүний дууны үг нь уугуул монгол хэлний яруу тансагийг магтсан сэтгэлийг нь илэрхийлж байдаг билээ.   Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин