Цөөнхийг ялгаварлан гадуурхахгүй байх өдрийг тэмдэглэв
2013-05-17

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1990 оны тавдугаар сарын 17-ны өдөр сэтгэцийн өвчний жагсаалтаас албан ёсоор хассан юм. ...Иймд 2004 оноос эхлэн энэ өдрийг дэлхий даяар International Day Against Homophobia and Transphobia (IDAHO) буюу “Гомофоби, трансфобийн эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон юм. Энэ өдөртэй холбогдуулан өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд ЛГБТ Төв ТББ-ын гүйцэтгэх захирал Отгонбаатар, Залуус эрүүл мэнд ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Мягмардорж, ЛГБТ Төв ТББ-ын хуулийн зөвлөх Л.Балдангомбо нар оролцож, сэтгүүлчдэд хандан дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ өдрөөр бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийг үл харгалзан бүх хүний эрхийг хангах, хамгаалах, дэмжих болон ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг эцэслэн зогсоохыг уриалж, дэлхийн улс орны сая сая хүмүүсийг нэгтгэдгээрээ онцлог юм. Өнөөдөр дэлхийн 100 гаруй улс оронд IDAHO-г янз бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ, үйл хөдлөлөөр дамжуулан тэмдэглэж байна.Монгол Улсад анх 2011 оноос эхлэн ЛГБТ Төв ТББ-аас санаачлан энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж ирсэн юм. Энэ өдрийн хүрээнд “Courage Unfolds” буюу “Зориг зүрх амьдаараа” баримтат киног Олон улсын гей лесбиян хүний эрхийн хорооны дэмжлэгтэйгээр монгол хэл дээр хөрвүүлэн олон нийтийн хүртээл болгож, төрийн болон төрийн байгууллага, олон нийтийн дунд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж, олон нийтийн анхаарлыг ЛГБТ хүмүүсийн эсрэг гарсаар байгаа үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчилд хандуулсан билээ. Энэ жилийн хувьд дэлхий даяараа сурч боловсрох орчин дахь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтын эсрэг кампанит ажлыг өрнүүлж байна. Иймд ЛГБТ Төв ТББ “IDAHO 2012 Mongolia” үйл ажиллагааг зохион байгуулж, боловсролын салбарт гарч буй бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох талаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тухайлбал “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвслийн Зохицуулагч Д.Тунгалаг боловсролын салбарт бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэлд үндэслэсэн ялгаварлан гадуурхалтыг арилгах талаар өөрийн байр сууриа илэрхийлнэ. IDAHO 2012 Mongolia” үйл ажиллагаанд ХЭҮК, ХЗДХЯ, ЭМЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны зөвлөх Ч.Сосормаа нар болон боловсрол, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд оролцоно. ЛГБТ Төв ТББ-ын зүгээс их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд “Бэлгийн цөөнхийн сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд залуус бидний оролцоо юу вэ?” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд IDAHO 2012 MONGOLIA үйл ажиллагааны үеэр шагналыг гардуулах юм. Эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн оюутан Б. Цэцэгсүрэн, 2-р дугаар байрт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутан Б. Эгшиглэн, 3-р байрт “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” залуусын аяны оролцогч Г. Чинзориг нар шалгарлаа.Цаашид жил бүрийн тавдугаар сарын 17-ны өдөр ЛГБТ Төв ТББ нь IDAHO Mongolia арга хэмжээг зохион байгуулж, бэлгийн цөөнхийн эрхийг ханган хамгаалан ажиллах аж. Б.Сайнаа
Shuud.mn
Сонин хачин