Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын газрын дарга асан В.Нямхандын эх орноосоо урвасан гэх хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд хаалттай явагдаж байна. Уг шүүх хуралд Ё.Цогтзандан даргалагч шүүгчээр оролцож байгаа бол төрийн нэрийн өмнөөс нийслэлийн Прокурорын газрын орлогч Ё.Сагсай улсын яллаж байна.
Түүний холбогдсон хэргийг тодруулбал Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Түүнийг ашигт малтмалын орд газартай холбоотой нууцад хамаарах мэдээллийг урд хөршийнхөө найзуудад дамжуулж, 100 сая ам.долларын гэрээ хийхийг оролдсон нь нотлогдсон гэдгээр буруутгаж буй гэх мэдээлэл бий.
Төрийн нууц задруулсан хэргээр шалгагдаж байгаа В.Нямханд 1997-2009 он хүртэл Тагнуулын Ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажилласан юм.