Иргэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт идэвхтэй хамрагдаж байна
2012-11-06

“Эрүүл чийрэг Монгол хүн” аяны хүрээнд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, эмчилгээг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийж, эмч нарын бичсэн жорын эмийг мөн үнэ төлбөргүй олгож эхэлсэн бол аяны нэг сарын хугацаанд нийслэлийн Хан-Уул, Багануур, Дархан-Уул аймгийн Хонгор сумын төвд үргэлжлүүлэн хийх юм байна.

2012 оны 11 дугаар сарын 02 -ны өдрийн байдлаар Баянгол, Баянзүрх, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, арьс, харшил, мэс засал, чих хамар хоолой, дүрс оношлогоо чиглэлээр нийт 6029 хүн үзлэгт хамрагдаж 402 иргэнийг 2-догч шатлалын эмнэлэгт илгээсэн байна. Мөн 1488 хүн хэт авиа, дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг шинжилгээнд хамрагдсан аж.

Энэхүү аяны хүрээнд иргэдээс санал, хүсэлтийг нь авч байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн талаар саналаа заавал өгөхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байгаа юм.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Бага, дунд орлоготой иргэдийнхээ эрүүл мэндийн эрхийг хамгаална” гэсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл чийрэг Монгол хүн” сарын аяныг 2012.10.17-2012.11.17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Shuud.mn
Сонин хачин