Суралцах юм их л байна даа, бидэнд
2013-06-27

Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийг бий болгосон /Хүннү, Түрэг, Их Монгол/ төв азийн нүүдэлчид хэзээнээс нааш урт дурын хүмүүс байлаа. Урт дурын гэдэг Л.Гумилёвын угсаатны оргилолын онолын тулгуур үзэл бөгөөд хэнд ч, хэзээ ч үл захирагдах хязгааргүй эрх чөлөөнд дурлах араншинтай агаад орондоо орох завгүй олзлолдон булаалдаж, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцсэн тайван бус түүхээрээ нэн элбэг. Тэднийг гагцхүү хүчирхэг хаад нэгтгэдэг байлаа. Учир зүггүй алаан хядаан үйлдэж ард түмнээ гарын доорх шүүс болгож байсан харгис нэгэн төрийн толгойд хэзээ ч удаж байсангүй. Урт дурын нүүдэлчид хядлага явуулаад эхлэхийн сацуу л хөнжилд нь хөнөөж орхино. Хэтэрхий сул дорой байж болохгүй алтан ургийнх ч бай хамаагүй эгзэгтэй цагийг нь анаж байгаад тонилгож орхино. Малынхаа дэргэд бол малчин нүүдэлчин, зэвсэг агсахаараа дэлхийн хаана ч үл байх догшин чадварлаг дайчид болон хувирдаг байлаа. Энэ нүүдэлчдийг атгасан шагай шиг нэг гарын дор хураана гэдэг хүссэн нэгний мөрөөдөхөд ч ахадахаар даваа. Тиймдээ ч нүүдэлчдэд хэзээнээс нааш ардчилал мах цусанд нь тодоос тод нэвчсэн ойлголт байлаа. Хамгийг захирсан хаан ч байсан өрлөг жанжин, хурилдайнхаа шийдвэрийг сонсоно. Төр улсаа хэнээр залгамжлах вэ гэж хатан хүн Есүй их хаанд хэлэхэд дэргэдийн жанжид сайдаа хэлсэнгүй хэмээн донгодож байв. Эртний Хүннү, Түрэгийн хаад ч ялгалгүй улсынхаа баруун зүүн гарын хангууд болон сэцэдийн, баатар жанждын зөвлөлөөр хэлэлцүүлж олонхийн саналаар шийднэ.

6

Монголын доройтлын он жилүүдэд ч Халх ойрадын хангуудын чуулган хуралдаж Манжтай хэрхэн харилцах ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж олонхиороо шийдвэрээ гаргаж байв. Манжид хураагдсны дараа өөрөө өөртөө эзэн суух эрх олж, хятадуудыг монгол хүнтэй суухыг хориглож, хэрэв худалдаа арилжааны хэргээр зорчих болбол түр хугацааны зөвгөөрөл олгодог бөгөөд зөрчвөл хатуу гэсгээдэг тохиролцоонд хүрсэн нь XIX зууны сүүл хүртэл чанд мөрдөгдөж байлаа. Монголын бүхий л түүхийг харвал аливаа асуудлыг олонхиороо зөв шийдэлд хүрдэг байсан агаад бултаараа хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэж хэлэлцдэг байсныг мэднэ. XX зууны эхэн тэр чигтээ монголчуудын улсаа тусгаар тогтнуулахын төлөөх тэмцэл байсан. Халхын хангууд Богд хаанаараа толгойлуулаад мөнөөх л олонхиороо зэрэглэн өндийж тусгаар тогтнолоо алдаж байсан бол гоминданы армид эзлэгдсэн улсаа сэргээхийн тулд Хүрээн дэх бүлгүүд эвлэлдэн нэгдэцгээж Богдын дэмжлэгтэйгээр цэрэг зэвсгийн хүч Англи, Америк, Япон, улаан Оросоос дэмжлэг авахаар сэм хэлэлцэж, нам зөвшилцөөд тал бүр тийшээгээ хүлгийн жолоо залж байлаа. 1911-1924 оныг хүртэл Монгол ямар ч байсан монгол олонхи толгойнуудын мэргэн санаагаар улсаа байгуулж басхүү алдаж байв. 1924 онд Коминтерний шууд нөлөөгөөр ардын хурал улаан Оросыг шууд хүлээн зөвшөөрч хурлынхаа танхим дээрээс эрх чөлөөний удирдагчдаа цаазлуулсан юм. Үүнээс хойш Монголд олонхийн мэргэн шийдвэр байхаа болив. Төрийн дээд эрх мэдлийг атгах төлөөлөгчдийг сонгох сонгууль үзэл санаануудын мэтгэлцээн бус найр наадам болж хувирсан. Сонгогчийн цаасан дээр нэг л нэр дэвшигч байна. Түүнээс өөр сонголт байхгүй. Өөрийг хүсэмжлэх нь нийгэмд харш. Эхний жилүүдэд шууд л буудна. Дараа дараачаас хэлмэгдүүлнэ, албан тушаалаас нь огцруулж цөлнө, шоронд хорино. Олонхийг айлгаж харанхуйлсан цөөнхийн тоталитари дэглэмийн төгс төгөлдөр яргалалын машин байх хэмжээнээсээ хэд дахин эрчээр ажиллана. Эгнээнээсээ хядуулаад байх тусам хядагчаа магтан алдаршуулна. Жорж Оурвэлийн Амьтдын ферм зохиол дээр гардаг гахайнууд шиг эрхмүүд гэгээрээгүй олонхийг улам манкурт болгоно.

 6

1990 онд монголчууд тайван замаар нийгмийнхээ өнгийг хувиргаж чадав. Урт дурын хүмүүсийн уур хилэн, омогшил дотроо байж. Удирдагч нар нь гараад ирлээ. Модун шиг эцэг хаанаа нум сумаар харвачихсангүй. Зүгээр л ярилцаад шийдчихье гэлээ. Ингээд л дарангуйлагч засаг бууж ардчилал ялав. Оготны хамраас ч цус гарсангүй. Хятадын улаан хамгаалагч нар шиг хуучуулдаа цаасан малгай өмсгөж чулуугаар шидэлж, хөдөлмөрийн лагерь руу илгээсэнгүй. Зүгээр л хамтдаа улсаа цааш нь авч явья гэлээ. Энэ бол төв азийн догшин нүүдэлчдээс л гарах язгуур ухаан. Дасан зохицох гайхамшигт сэтгэлгээ. Нөгөө нүүдэлчид чинь соц нийгмээ, ардчиллаар сольж байгаа гэнэ. Цус ч урсана даа гэж барууныхан харж байсан гэдэг. Гэтэл мануус тэгсэнгүй. Урт ширээний ард хоёр тал уулзаад л болчихно тэр. Нөгөө хэд нь хэлээ тагнайдаа хатгаад нам жим, анир гүмхэн. Гэтэл зүүн Европ даяар жинхэнэ цус урсч байлаа шүү дээ. Югославт серб, хорватууд нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлалцаж, Гитлерийн нацистууд буудаад оноогүй Кремлийн ханыг хэдхэн танк онилчихоод нүүлгэж байлаа. Хятадууд ч хаанаас хоцрохов төв талбайдаа жагссан оюутнуудаа танкаар дайруулан намнаж байлаа. Харин нөгөө Монголд л нам жим. Бид ийм л уламжлал, сэтгэлгээ, араншинтай хүмүүс. Бид өөрсдийгөө хохироогоогүй. Бүгд л Москва найтааснаас Монгол ханиад хүрсний гайг ойлгосон хэрэг.

 6

Ардчилал гэдгийг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болно гэж нэг хэсэгтээ ойлгож манаргав. Төд удалгүй аан миний эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагддаг юм байна гэдгийг ухаарав. Улсын мөнгө бол миний ашиглаж хэрэглэж бүүр бор авдрандаа хийж болох мөнгө гэж эндүүрээд нэг хэсэг нь начигнав. Захаасаа буруутаад өргөст торны цаана сууцгаав. Хүний гарыг сайхан сэтгэлийн үүднээс гар хүндрүүлж болдоггүй юм байна гэдгийг саяхнаас ойлгож эхлэв. Тийм ээ, бид бага багаар суралцаж л байна. Дэлхий нийт биднийг сайн сурагчид гэж магтаад ширээнийхээ урд эгнээнд суулгаж байна. Саяхан л тээр арын суудлаас самбар дээрх тоог олж харахгүй багшдаа муулуулж суусансан. Өнөөдөр эрээн бүч зүүгээд салаагаа удирдаад л явжийн болоо ш дээ. Гэхдээ суралцах юм даанч их байна даа.

 6

Бид үүх түүх, уламжлал араншин, оюун санаагаа бусадтай авдартаа хийгээд цоожилсонгүй. Байнга гаргаж ирээд тоосыг нь үлээж, ис тортогийг арчиж, зэв сэвийг нь зүлгүүрдэн арилгаж байна. Тийм ээ, бид суралцаж байна.

6

Н.Бадамжав
Shuud.mn
Сонин хачин