Ө.Энхтүвшин: Хамгийн хүнд, хамгийн хүч тэнцвэргүй сонгууль байлаа
2013-06-27

МАН-аас мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАН-ын генсек Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин  “Бид СЕХ дээр очиж зөрүүтэй 2000 гаруй саналынхаа учрыг олсон. Цаашид энэ асуудалд манай хуульчдын баг анхаарлаа хандуулж, ажиллана. Ингээд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж  0,23 хувиар манай намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг давж байгаа юм байна. Энэ удаа бидний хувьд хамгийн хүнд, хамгийн хүч тэнцвэргүй сонгууль байлаа. Мөн АН СЕХ-гоор дамжуулж 1000 нэгж тарааж, хилийн заставд цэргүүдийн саналыг хууль бусаар авсан нь саналын тоонд нөлөөллөө. Ямартаа ч, манай МАН-ын нэр дэвшигчид саналаа өгсөн ард түмэндээ талархлаа илэрхийлье” хэмээн ярьлаа.

.

Харин МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Ц.Элбэгдоржид баяр хүргэж, ирэх дөрвөн жилд МАН, МАХН-уудын мөрийн хөтөлбөрүүдийг биелүүлэхийг хүслээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдэг цаг, нарт баригддаг амаргүй ажил юм байна. Энэ хугацаанд надтай хамт зүтгэсэн бүх хүндээ баярлалаа. Мөн УИХ-д гурван удаа сонгосон нутгийн ардууддаа гүн талархал илэрхийлье. Би цаашид та бүхнийхээ итгэлийг дааж, сайн ажиллах болно” гэж хэлэв.

Б. Одон

Shuud.mn
Сонин хачин