Морины хүүхэд
2013-06-28

Саяхандаа хотын нэгэн хогийн цэгээс үл мэдэгдэх нөхдүүд нэг хүүхдийг  хурданы морь унах уу гээд аваад авчихсан талаар шуугиад өнгөрсөн. Эндээс харахад морины хүүхэд гэдэг ажлын байр гарсан юм уу ч бодогдоно. Морины хүүхэд. Монгол эр хүнийг морьгүйгээр яаж төсөөлөх аргагүй. Хүү төрөхөд хамгийн түрүүнд эмээл төхөөрч, унах морийг нь зүсэлж өгнө. Омголон хүлгийн амыг дарж эмээл дээрээ эрэмгий тогтох тэр  үед л аав нь эр хүн дээ гэж урам хайрлан мишээнэ.

.

Хараа цуцам тал хөндийг хүлгийн зоон дээр хоногтоо туулах нь  Монгол хүний нэг бахархал

Ийм байтал хурдан морийг хүүхдээр унуулахаа болих хэрэгтэй байна гэж хүмүүсийн уур хүргэдэг юм билүү бодож сууна. Яагаад ? Олон хариулт байгаа. Хамгийн эхэнд тавигдах асуудал бол хүүхдийн амь нас эрүүл мэндийн асуудал. Эмээлгүй зайдан мордоод чавхдах хүүхдүүд морин тойруулга шиг нэг зурвасаар давхилдаад байдаггүй. Байр түрүү булаацалдаж байгаа хойно бие биеэ шахах, хавирах  нь энүүхэнд. Морины хүүхдийн уралдааны замд  хийж буй алхам бүр нь эрсдэл.

.

Морьтон ардын уламжлалт наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаан баячуудын бие биеэсээ илүү гарах хүслийг ноцоож байдаг  ялгарах хүслийн том төрөл нь хурдан морь болсон. Тэр группд энэ баяны хурдан ажнайнуудын харайлт давхиа өсөх тусам үнэ ханш нь явж өгч байгаа.

.

Нэг өрхийн 30 жил төлж байгаа байрны мөнгө бол  нэг баяны нэг сайхан морины л үнэ. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү лаагаа иднэ үү хамаагүй л гэдэг. Харин хурдан хүлэгтээ хаядаг мөнгө анхаарал нь өсөх хэрээр морины хүүхдэдээ тавих анхаарал нь хол орхигдсон. Жил бүр энэ талаар яриа гарахаар уяачдийн холбоо, эвслээс  хэвлэлийн хурал зарлаж нөгөө л каск малгай хамгаалалтийг нэмсэн даатгал буву хатуухан хэлчихэд амь насных нь “төлбөрт”  өгөх мөнгөө нэмсэн талаар зөрүүлж мэдэгдээд өнгөрүүлдэг тактиктай.

.

Ид өвлийн жаварт хөлдсөн хацраа  дарах ч тэнхэлгүй бээрсэн, хэрнээ дээгүүр давхилаа шүү гэж баярлан очдох хүүхдийн нүд телевизийн камерт  хальт ороо л өнгөрнө.Наагуур нь хөлтэй хэлтэй бүхэн хэний, ямар  угшилтай адгуус болох талаар ам уралдан ярьж бай шагналыг нь сонсож толгой сэгсрэн буужигнаад өнгөрнө. Наадам ойртож байхад муухай хар юм бичээд яахав. Уралдааны замд мориноос унасан бэртсэн, амь насаа алдсан мэдээ баримт зөндөө л байна.

.

Алдарт уяачид тэр дундаа хууль санаачилж, баталж төр барьдаг уяач гишүүдээс асуух маш энгийн асуулт байна. Таны хүүхэд 5-7 насандаа хурдан морийг тань унаж амаа хаттал гийнгоолж, арьсаа цулгартал унаж  “Ланд”-ийн тоосон дотроос торойн гарч ирж байсан удаа байна уу.  Таны хүүхэд эр хүн болсноо харуулж, идэр есийн жаварт хацраа хөлдөөж давхин ирж байв уу. Түрүү магнайг авч баярын нулимстай ирэхэд нь та нусаа наасан хацрыг нь үнсэж эмээл дээрээс нь сэвхийтэл өргөж авч байв уу.

.

Үгүй л болов уу даа. Өвчтэй хүн байгаа биш, хэн тэгж хүүхдээ тамлаж байхын гэх биз.

Монгол хүний үр байна даа Морин дэл дээр дэрвэлгүй яахав. Гийнгоо хадааж барианы зурхай руу зүтгэлгүй яахав. Харин ганцхан эргэж нөхөшгүй алтан амь  бие эрхтэн нь бүтэн давхиад ирэх баталгааг 100 хувь хангах хэрэгтэй байна.

.

Үндэсний баяр наадмын тухай хуульд “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна” гэсэн унаач хүүхдийн эрхийг хамгаалсан ганцхан заалт байна.

.

Энэ наадмаар лав морины хүүхэд толгойдоо каскаа өмсөөд, бурхныхаа өмнө даатгалын гэрээгээ тавиад зурхай руу хөдлөх бололтой байна.  Наадмын өглөө хүү, охин оо үдэхдээ эцэг эх нь сүүгээ өргөж уул, усандаа захиж амь насыг нь даатгаж ирсэн монгол ухаан залбирал морины хүүхдийн арыг дааж ирж дээ гэхэд хилсдэхгүй.

.

П.Баярхүү  /тоймч/
Shuud.mn
Сонин хачин
zochin:
emeeltei l uraldna gedgiig huulichilsan n ter kasknaas iluu heregtei dee. gol uraldaanii zam, garaanii tuhuurmjiin asuudliig mash sain shiidchihvel neg ih unaad berteed baidaggui l yum bgamda
2013-06-28
Отгон:
Би багадаа хурдан морь унадаг байсан болохоор үнэхээр моринд дуртай тиймээс ч хурдан морийг үгүйсгэж чадахгүй. Гэвч сүүлийн үед чадах чадахгүй өмнө бараг хэдхэн удаа морь унаж үзсэн хүүхдийг загнаад л мордуулчих юм энэ чинь ядаж 1 жил зүгширүүлж байгаад унуулбал арай өөр байх гэж байна. Ядарсан айлын хүүхдүүд л хичээлийн хэрэгсэл, гутал хувцасны мөнгөө олох гэж үүнд их өртдөг юм даа яг үнэнийг хэлэхэд.
2013-06-28
АЖИЛСАГ.НЭТ:
http://www.ajilsag.net – БҮХ ТӨРЛИЙН ЗАРЫН САЙТ
2013-06-28
Одон:
Маш зөв бичжээ. Би хотод төрж өссөн ч морь ирэхэд самсаа шархирдаг сонин мэдрэмж өвлөөд авчихсан байна лээ. Гэхдээ морины хамгаалалтад гарч байхдаа хоёр амь адилхан эрсдэл үүрч, тэмцэж байхыг хараад...... Харин одоо тэр хууль журамд нь дааганаас бусад насны хурдан морьдыг 50 кг-аас доош жинтэй, насанд хүрэгчид унаж байхаар заалт оруулбал таарна.
2013-06-28