Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
2013-06-28

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нөхөрлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барив.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээд нь нөхөрлөл хэлбэртэй байна гэж заасан. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Нөхөрлөлийн тухай хуульд бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай, зарим гишүүн нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хоёр хэлбэрийг тусгасан. Нөхөрлөлийн дээрхи хоёр хэлбэрийн хувьд үйл ажиллагаагаа явуулах үндсэн нөөц нь гишүүдийн нийлүүлсэн эд хөрөнгө байдаг бол хуульч гэх мэт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөлийн хувьд эд хөрөнгө гэхээсээ гишүүдийн мэдлэг, ур чадвар, туршлага байдаг онцлогтой.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөлийн гишүүн өөрийн мэдлэг ур чадвартаа тулгуурлан харьцангуй бие даасан байдлаар нөхөрлөлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Ийм учраас нөхөрлөлийн гишүүн мэргэжлийн алдаа хийгээд бусад буруутай үйл ажиллагаа явуулснаас үүдэлтэй хариуцлагыг хувийн өмчийн хөрөнгөөрөө хүлээдэг. Онцлог шинж бүхий энэ хэлбэрийн нөхөрлөлийн зохицуулалт манай улсад байхгүй байна. Сүүлийн жилүүдэд улс орнууд мэргэжлийн үйл ажиллагаанд суурилсан хуулийн этгээдийг нөхөрлөл тэр дундаа хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулалтад шилжих байдал давамгай байна. Иймд дэлхийн улсуудын эрх зүйн хөгжлийг харгалзахын зэрэгцээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий иргэд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн шинэ хэлбэрийг Нөхөрлөлийн тухай хуульд нэмж тусгах шаардлагатай байна.

Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрийг тодорхойлох, түүнийг байгуулах, бүртгүүлэх, хариуцлага хүлээлгэх, татан буулгахтай холбоотой зохицуулалтыг нэг бүлэг болгон Нөхөрлөийн тухай хуульд нэмэлт болгон орууллаа гэж Хууль зүйн сайд хуулийн төслийг өргөн барих үеэрээ УИХ-ын даргад танилцуулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин