Процессжсон шударга ёс бий болох боломж нээгдэж байна
2013-07-05

Аль ч улс төрийн намаас нийгэмд шударга ёс байх ёстой, авлигатай тэмцэх ёстой гэсэн дуу хоолой гарч байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хууль сахиулах байгууллагуудын удирдлагатай хийсэн уулзалт дээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин үг хэллээ.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлсэн үгэндээ “Бид хууль, шүүхийн байгууллагын шинэтгэлийн эхний 20 хувийг хийгээд явж байна. Энэ шинэтгэлийг хийхэд гурван хүчин зүйл маш чухал байдаг. Нэгдүгээрт, үүнийг ард түмэн хүсч байна уу. Хоёрт, улс төрийн хүсэл эрмэлзэл байна уу. Гуравдугаарт, практик дээр ажиллаж байгаа хуульчид үүнийг хийх зоригтой байна уу гэдэг маш чухал.

.

Олон нийт, ард иргэдийн хувьд 2009, 2013 оны сонгуулиар шударга ёс, хууль, шүүхийн байгууллагын шинэтгэл зайлшгүй хэрэгтэй гэсэн энэ зүйлийг тод, тууштай илэрхийлж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хоёр дахь удаагаа сонголоо. Энэ бол олон нийт яах аргагүй хууль, шүүхийншинэтгэл, шударга ёсыг бэхжүүлэх асуудал Монгол Улсад нэг номерын асуудал гэдгийг хүсч буйг  тодруулж харууллаа. Хоёрдугаарт улс төрийн хүсэл эрмэлзэл энэ цаг үед маш хүчтэйгээр бодитой боллоо. Аль ч улс төрийн намын зүгээс шүүх, хуулийн байгууллагын шинэтгэлийг хийх ёстой, нийгэмд шударга ёс байх ёстой, авлигатай тэмцэх ёстой гэсэн дуу хоолой байнга гарч байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн улс төрийн гурван багана энэ шинэтгэлийг хийх хүсэл эрмэлзэл бүхий тэр улстөрийн хүчний давамгай байдал дээр одоо тулж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг бид хэрхэвч алдаж болохгүй.

2012 оноос өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчөөс хууль, шүүхийншинэтгэлийн талаар маш олон санаачилга гарч байсан боловч УИХ, Засгийн газрын зүгээс хангалттай дэмжлэг авч чаддаггүй байсан юм. Энэ удаад УИХ, Засгийн газарЕрөнхийлөгчийн зорилтуудтай хамт нэг зүг рүү харж ажиллана гэсэн том амлалттай байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд маш таатай зүйл.

Хууль сахиулагчдын хувьд Ерөнхийлөгчийн зорьж байгаа шинэтгэлийг талархан дэмжиж байна

Практик дээр ажиллаж байгаа хууль сахиулагчдын хувьд Ерөнхийлөгчийн зорьж байгаа шинэтгэлийг талархан дэмжиж байна. Хоёр удаа хууль, шинэтгэлийн асуудлаар чуулган хийхэд маш олон хуульч энэ шинэтгэл рүү зоригтой алхахад бэлэн байна гэдгээ илэрхийлсэн. Аль юм болгон дотор байгаа таагүй, сөрөг зүйлээсээ болоод хуульчид, хууль сахиулах байгууллагын нэр хүнд унаж байх вэ. Үүнээс салж, энэ нийгэмд нэр төртэйгээр манлайлагч байхыг хүсч байна гэсэн уур амьсгал хуульчид, хууль сахиулагчдын дунд өндөр байгаа.

.

Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан шинэтгэлийг гурван түвшиндээ хангалттай хийх хүсэл эрмэлзэл байгаа учраас би хувьдаа энэ шинэтгэл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа. Та бүхэн ч надтай ижил байгаа гэдэгт итгэж байна.

Шинэтгэлийн цогц бодлогын хүрээнд бид нэг том дүр зураг гаргаж үзсэн. Сүүлийн арваад жилд хууль, шүүхийн салбарын талаар шүүмжлэл нэлээд гарсан. Үүнд системийн анализ хийгээд үзэхээр дараах дүр зураг харагдаж байгаа юм.

Материаллаг хэм хэмжээ буюу бидний хэрэглэдэг хууль тогтоомжийн хувьд ямар асуудал гарч байна вэ гэхээр хуулиуд нийгмийг шоронжуулж байна. Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхгүй байна. Хүүхэд залууст хүмүүнлэг хандах боломжгүй байна. Чөлөөт, ардчилсан, эрх зүйт нийгмийн тогтолцоо, түүний үнэт зүйлийг хамгаалахгүй байна. Хэл найруулгын хувьд социалист нийгмийн үеийн хууль, тогтолцоог илэрхийлээд байна. Хохирсон нь хохирсноороо үлдэж, хохироосон нь шоронд яваад, дундаас нь төр өөрөө ашиг олдог тийм гаж тогтолцоо бүрдчихээд байна. Шүүгчийг хэт хайрцаглаж, амьдралд нийцсэн шийдвэр гаргах боломжгүй болгоод байна. Ялын маш хязгаарлагдмал сонголттой байгаад байна гэх зэрэг маш олон асуудал хөндөгдөж байгаа.

.

Процессын хэм хэмжээний хувьд ямар асуудал хөндөгдөж байна вэ гээд харахаар хуульчдын хувь хүний хүсэл зоригоос хамааралтай процесс яваад байна. Гэрч, хохирогчид хүссэнээрээ нөлөөлж дарамтлах бололцоотой байна. Иргэд гурван шатны шүүхээр маргаанаа шийдвэрлэдэг уламжлал хавтгайраад байна. Шүүхийн дотоод шат буюу хяналтууд захиргааны байгууллагын зохион байгуулалтад орчихоод байна. Иргэдийг залхаах, цээрлүүлэх процесстой байна. Нотлох онол, аргачлал нь гэмт хэрэгтнийг л хэрэг хүлээлгэвэл тэргүүн зэргийн ач холбогдолтой гэж үздэг онолоосоо салахгүй байна. Үүнээсээ шалтгаалаад эрүүдэн шүүх тогтолцоо руугаа орчихоод байна. Өмгөөлөгч, нь шүүх, прокурорын өмнө маргалдахдаа хязгаарлагдмал бололцоотой байна. Хууль сахиулах ажиллагаа ерөнхийдөө процессгүй байна. Ихэнхдээ байгууллагын даргын заавар чиглэлтэй болоод байна. Шүүх нь хүний эрхийн баталгаа бүрэн болж чадахгүй байна. Шүүхийн эрх мэдэл цогц болж бүрдээгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон мөрдөн шалгах, хариуцлага хүлээлгэх тогтолцоонд харилцан уялдаа байхгүй. Яллах болон шүүн таслах ажиллагаа бүрэн тусгаарлагдаагүй.Ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх процесс шүүхийн процесстой уялдаагүй гэх мэт процесс дээр байгаа нөхцөлүүдийг харахаар маш олон шүүмжлэл, шаардлага гарч байгаа.

Институционал хэм хэмжээ буюу эрх зүйн статус, зохион байгуулалт, чиг үүрэг, санхүү, техник, тоног төхөөрөмж зэргийн хувьд авч үзвэл гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоогүй. Шүүн таслах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо бүрдээгүй. Цагдаагийн байгууллага нь тогтолцоо хамгаалдаг цэрэгжсэн дэглэмээр хэв журам сахиулах гэж оролддог, иргэний хяналт, удирдлага байхгүй, олон нийтэд түшиглээгүй. Хууль сахиулах байгууллага нэг байгууллагад хэт их төвлөрсөн. Социализмын үеийн зохион байгуулалт тэр чигээрээ хадгалагдаж үлдсэн. Боловсон хүчин бэлтгэх тогтолцоог шинэчилж чадаагүй. Бодлого тодорхойлох болон үйлдвэрлэл явуулах, үйл ажиллагаа явуулах бүтцүүд холилдсоноос болоод хэт данхайсан бүтэцтэй, гар хөл жижгэрсэн байна. Нутаг дэвсгэр рүүгээ тархаж чадахгүй байна. Хууль сахиулах байгууллагыг үйлчилгээний болон иргэнжсэн тал руу өөрчилж шинэчлэх нь хэт удаашралтай зэрэг олон шүүмжлэл гарч байгаа. Энэ бүхэн биднийг уналтын нөхцөл байдал руу түлхэж байна. Үүнээс гарахын тулд шинэтгэлийг хурдтай, сууриар нь, цогц байдлаар, эрчимтэй хийхээс өөр аргагүй.

.

Тэгж байж бид олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн,хууль засагладаг, нэр төртэйгээр ажлаа хийдэг, хамгийн гол нь иргэдэд үйлчилдэг, иргэнжсэн, тэдний хяналтын дор, тэдэнд түшиглэсэн хууль сахиулах үйл ажиллагаатай, маргааныг хараат бус, бие даасан байдлаар шийдвэрлэх чадвартай, шийдвэрлэсэн маргаан нь шударга ёсонд дөхөж очсон тогтолцоотой болно.

Эцсийн дүндээ шударга ёсны хамгаалах тогтолцооны шинэчлэл гэдэг зүйл яах аргагүй цагаа олсон зүйл байна. Өнөөдөр л бид унаж байгаа динамик үйлдлийг эргүүлж чадах юм бол улс төрийн нөхцөл байдал маш тохиромжтой, Ерөнхийлөгчөөс маш их хүч чармайлт гаргаад байгаа нөхцөлд энэ намар, ирэх хавар, түүний дараах намар гэсэн улстөржилт харьцангуй бага байдаг УИХ-ын гуравхан чуулганаар үлдсэн 42 хуулийг баталж гаргах юм бол хандлага, арга барил, зохион байгуулалт, чиг үүргийн оновчтой байдал, тодорхой хариуцлага гэх мэт тогтолцоог бүрэн дүүрэн шийдэж чадна.

Материаллаг хэм хэмжээний тухайд юу хийж байна вэ гэвэл Зөрчлийн тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулийг шинэчилж, Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн тухай хууль гэж нэг шулуун дээр энэ хоёр хуулийг бичээд, шинэ төрлийн гэмт хэрэг гэх зэрэг маш олон зүйлийг нэмж, 1992 оны Үндсэн хуулийн үнэт зүйлийг хамгаалж хүний эрхийг хамгаалах чадвартай, шүүхэд амьдралд нийцсэн байдлаар хэрэглэгдэх боломжтой хуулиудыг цогцоор нь шийдэж өгч байгаа.

.

Процессын хэм хэмжээний хувьдХууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэсэн хоёр том хуулиар шийдэж өгч байна. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль бол шинэ хууль. Хууль сахиулах чиглэлийн бүх үйл ажиллагааг хуулиар стандартчилж өгч байгаа юм. Өмнө нь байгууллагын дүрэм, журмаар стандартчилагддаг, ихэнх тохиолдолд зохицуулалтгүй, хууль сахиулагчдын дур зоргоор хийгдэх бололцоотой байсан. Тэр бүх зохицуулалтыг хийж өгч байна. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бол цэвэр хуульчдын маргаан шийдвэрлэх үйл ажиллагаанд зориулагдсан хууль юм. Энэ бол шүүгч, прокурор, өмгөөлөгчдөд зориулагдсан хууль. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдхүний эрхийг хязгаарлах тухай зохицуулалтууд бүгд орно. Зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр хүний эрх хязгаарлагддаг болно.

Монгол Улсад шударга ёсны цаг зөв ажиллах тогтолцоо руу орно

Шүүхийн анхан шатанд яллах, хүний эрхийг хязгаарлахтай холбоотой эхний, процесстой холбоотой хоёр дахь, гэм бурууг шийдэхтэй холбоотой гурав дахь, ял оноохтой холбоотой дөрөв дэх гэсэн дөрвөн төрлийн шүүх хуралдааны хэлбэр явдаг болно. Ингэхээр хүний эрх зөрчих, хүнийг хилсдүүлэх, алдаа гаргах боломж бараг алга болно. Анхан шатны шүүх хурал дээр анхан шатны, давж заалдах, хяналтын шатны бүх асуудал явдаг болно. Шүүгч, мөрдөн байцаагч, прокурор гээд хувь хүнд олгогдсон байсан эрх мэдлүүд одоо процесст олгогдож байгаа эрх мэдэл болж хувирна.

.

Одоо бол хэн нэг хувь хүн асуудал шийдэх биш, өмгөөлөгч, прокурор, шүүгчид үндэслэл гаргах замаар, нотлох баримтаа үнэлэх замаар хүний эрхэнд процессоороо хязгаарлаж халдана. Гэмт хэргийг процессоороо шийднэ. Ийм байдлаар процессжсон шударга ёс Монголд бий болох боломж нээгдэж байна.

Өмнө нь шударга ёсыг процессгүйгээр шийдэх гэж оролддог байсан. Энэ нь социализмын зорилго нь зөв бол арга нь ямар байх нь хамаагүй гэсэн философи дээр суурилж байсан бол одоо зорилго нь зөв байсан ч арга нь бас зөв байх ёстой гэсэн хуулийн засаглалын тогтолцооны хамгийн чухал зохицуулалтууд орж ирж байна.

Институционал хэм хэмжээний хувьд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ерөнхийлөгч санаачлаад Шүүхийн багц зургаан хууль дотор баталж гаргасан. Одоо Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг гаргана. Шүүх, прокурор, цагдаа, мөрдөх алба, маршалын алба, аврах алба гэх мэт нэлээд олон хууль багц, цогцоороо шийдэгдэж байж үндсэндээ институционал хэм хэмжээ бүрэн дүүрэн шийдэгдэх юм.

Энэ чиглэлээр УИХ дээр одоо Маршалын болон цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хуулиуд хэлэлцэгдэж байна. Намрын чуулганаар Мөрдөх алба болон Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулна. Цаашдаа Аврах албаны гэх зэрэг бусад хуулиуд орж, энэ систем цогц болж цагны жижиг, том араа шүд зэрэг ажилладаг шиг Монгол Улсад шударга ёсны цаг зөв ажиллах тогтолцоо руу ойрын гурван жил дотор орно гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна.

.

Энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж замын зургийг нь тодорхой гаргаж, цогц суурь системийг нь ингэж хийх ёстой гэж заасан. Одоо хүсэл эрмэлзлээрээ Засгийн газарт ташуур болж, УИХ-д энэ асуудлыг шийдэх гол түүчээ нь болж,нөлөөлж ажиллаж байгаа. Бидний хувьд шүүх, хуулийн байгууллага, хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн бол шинэтгэлийг гардан хэрэгжүүлэх хүмүүс учраас энэ хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, боловсруулах, УИХ-аар батлах, хэрэгжүүлэх үйл явцад та бүгдийн хүчин чармайлт, итгэл үнэмшил, өөр өөрийн удирдаж байгаа байгууллага дотроо эдгээрийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажил чухал.

Маш том давалгаа өөрөө давалгаалж, эцсийн дүндээ иргэддээ хүрээд, иргэнд ээлтэй, хүний эрхийг хамгаалж чаддаг, иргэнд хянагдаж, бас тайлагнаж чаддаг, шударга ёсыг хараат бус, бие даасан байдлаар, процессынхоо үр дүнд бэхжүүлж чаддаг Монгол Улсын шударга ёсыг хамгаалах тогтолцоо бүрдэхэд та бүхэн том хувь нэмэр оруулах үүргээ биелүүлнэ.

Би нэг зүйлээр үнэхээр бахархдаг. Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Энэ сонирхолтой цаг үе биднийг энэ түүхэнд, энэ цаг үед өөрөө өөрсдийнхөө нэрийг эерэгээр, Монгол Улсын хуулийн систем дотор зузаан хуудсаар бичих боломжийг олгож байна. Энэ боломжоо алдахгүй байхыг та бүгдээс хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгчид юуны өмнө талархал илэрхийлье. Үнэхээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлж ард түмнээс итгэл авч, нөгөөтэйгүүр энэ сайн санаачлагуудыг түүчээлэн явж байгаад танд талархаж байна” гэв.

.

Эх сурвалж: www.president.mn

Shuud.mn
Сонин хачин
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ?? ЗҮГЭЭР БАЙХАД ЗҮГЭЭР БАЙЛГАХГҮЙ БОЛ ЗҮГИЙГ ЧИНЬ ОЛУУЛААД ӨГЬЕ.
2013-07-05