Такси № 9
2013-08-09

Их хотын амьдрал дунд таксич хийж амьжиргаагаа хайхын зэрэгцээ олны үг санаа, бодит амьдралын зураглалыг тэмдэглэн хүргэдэг ээлжит сурвалжлага тэмдэглэл та бүхэнд хүрч байна. Түрүүчийн тэмдэглэлдээ /такси-8/ тооцоогоо хүнээр даалгаж шөнийн клубт өнжсөн адал явдлаасаа хүргэсэн бол энэ удаа тэмээний мах тэнгэртэй бизнес болсон талаар олж мэдсэнээ бусад хов живийн хамт хүргэж байна.

.

1.Далан давхарт аваачаад...

.

Лхагва гаригийн орой нэлээн оройтож ажилдаа гарлаа. 1-р хорооллын арын замаар гэлдрүүлж явтал нэг залуу миний машин руу бөхийн харж байснаа гараа өргөлөө.

Ах, хороолол ...гэсэн залуу шууд урд суулаа.

Т -Тийшээ явахгүй ээ, ах нь баруун тийшээ харьж байна.

З -За ойрхон ш тээ, явчихья...Дүү нь саяны хүүхэн залуу хоёрын машинд суусангүй ш тээ. Аюултай шүү, хүүхэн суулгаж цэвэрхэн харагдаж байгаа л дээрэмдэнэ ш тээ. Сайхан суулгаж аваад ухасхийж жоохон хөдлөөд л шууд шаадгийн билээ. Далан давхарт нүүр рүү турбадахаар тэгээ л бас л ..юм юм л бодогдоно ш тээ. Шийдсэн Пи-нууд аюултай ш тээ, дүү нь нэг алуулах шахаад хаширсоон.

Т -Өө аймаар айн, зүсээ хувиргасан дээрэмчид байж дээ.

З -За ах, зүсээ хувиргах энэ тэр гээд бас эвгүйтээд, та  чинь бас яагаад  байна. Дүү нь бас үзвэл үзнэ шүү айн, хуучин бөхийн удамтай шүү. Манай ах гээд нэг сайхан бөх байсийн, жоохон байхад өвдөг хараад чамайг бөх болгоноо гээд. Чи бол яг гээд л, би байхгүй ээ юун бөх шөнөжингөө компьютер шагайгаад л таарах шив дээ.

Т -Цаг нь өөр байсан бол бөх болж магадгүй л байж дээ.

З -Угаасаа аав ээж дургүй байсийн. Тийм л байна даа, ах маань уусаар байгаа л харвачихсан л даа. Бас эхнэрээ буруу сонгосон л доо, хамгийн гоё хүүхэнтэй суусан тэр нь архинд орчихсон. Улаанбаатар рестораны хамгийн гоё хүүхнийг авч суусан, тэгээд эхнэр хүн архинд орвол тэгээд балардгийн билээ.

Чигээрээ яваарай ах, дүү нь сая будилчихлаа, архи хэтрүүлээд нэг газар хэсэг унтаж байж босч ирлээ. Жоохон уусан тэгээд л гэнэт тас муудаад сая босч ирлээ.

Маргааш ажилтай амрах хэрэгтэй байна аа гэж. За ингэсгээд зогсчих ах. Таван долоо гучин тав,за май 3500. Баярлалаа ах.

Залууг буулгаад яагаад ч юм бууж бушуухан харимаар санагдлаа. Тэр далан давхарын тэнд аваачсан тухай яриа нөлөөлсөн байх аа...

.

 2. Ёооё, сайхан ярилаа даа

.

Нэг хижээл насны хүүхэн суугаад буун буутлаа утсаараа ярилаа даа.

З -Ккк юу хийж яваа юм хоёр хог чинь хихихи бас хөөлхий Туул тэд нар таарч жоохон юм ууцгаагаад тэгсэн чинь, Мөнхбатынд очсон юмуу даа. Тэгсэн чинь Туул нөхрийхөө хөлийг тэврээд доошоо хараад хэвтчихсэн, нөхөр нь Энхбаярыг тэврээд унтчихсан гээд бөөн хөхрөлдөөн ккк хэхэхэ ёооё, тэгээд унтцан байгаан. Өглөө боссон чинь Мөнхбатын авгай тачигнатлаа хөхрөөд, та чинь яасан мангар юм бэ нөхөр нь өөр хүүхэн тэврээд унтаж байхад араас нь очоод хөлийг нь тэврээд унтдаг тийм авгай байдаг юм уу гээд шоолж хөхрөөд байсан гээд л инээгээд ...хихи Энхбаяр бас ирчихээд яриад байсан. Тийн ...бүгдээрээ тачигнатал хөхрөлдөөд ... Энхбаяр бид хоёр нэг уулзаад, юу яасийн Мядагийг нэг эргэсийн цаадах чинь аягүй хөгширсөн байлаа ш тээ зайлуул. Үс толгой нь бүүр цав цагаан болцон байгаам чинь. Мядаг их бага хүүхэдтэй суусан юмаа даа, жоохон залуутай суусан лайтай юм зүгээр хаашаа ч гаргахгүй юм. Хаашаа л гарна уу, би нэг сайхан хүүхэн, намайг хардаад ерөөсөө болдоггүй юм гээ л ...тийн Энхбаяр бид хоёр эргэж очоод баахан инээсэн ...харин цагаан портертэй, тийн тэр чинь юм билээ. Энхбаяр сая нэг ярьсан Батбаяр багштай ууж байна гэчихсэн солиотой амьтан шүү ..тийн Батбаяр багш чинь угаасаа л монтажныл багш биз дээ тээ. Анги монтажаа авахуулах болсон чинь багшгүй байна гээд л Батбаяр багшийг суулгаад авахуулчихаа биз дээ. Яг үндсэндээ манайхыг даагаа л аваад юу яацан биш ...тийн ...аанхан заза,   аанхан тэгээрэй за сайхан амраарай ...

Ёооё сайхан ярилаа даа, жолооч оо хэд гарч байна...

.

3.Нэг муу хувийн компани...

.

3 -Ах ойрхон явья гэхдээ мөнгөө өгнө ш тээ. Ёооё сая нэг такси муухай бултдаг байна ш тээ.

Т -Яаж, дэлгүүр ороод гараад ирэхэд чинь үү.

З -Тийн, би барьцааны 10.000 бас утсаа орхисон байхгүй юу тэгээд энэ ганц юмыг нэг ундаатай аваад бас нэг нэгж гээд жоохон удаад гараад ирсэн, хулгайч чинь явчихсан байна ш тээ.

Т -Чи арай л их мөнгө үлдээж дээ.

З -Дүү нь том тэрэгний жолооч байхгүй юу ...нөгөө тээврийнхээ хэдтэй ганц хоёр юм хувааж уугаад аминдаа харих гээд л. Хоёр өдөр амарна. Наадмын үеэр ачаа авч гараад, нөхөж уугаад .. пи гэж гомдоод байхын.

Т -Хөдөө наадмаар сайхан явж дээ, айргаа уугаад.

З -Оюутолгойд ямар наадам байхав дээ ах минь. Дүү нь Оюутолгой хот хоёрын хооронд явдаг байхгүй юу.

Т -Тэгвэл овоо цалинтай ажил хийж байгаан биш үү.

З -Үхсэн баасны цалин байдгийн, нэг муу хувийн компани ш тээ. Нэг рейс нь 200.000 төгрөг  шүү дээ. 10 тэрэгтэй компани чинь яаж би сар явах уу. Нэг нь эвдрээсэй гээд л рейс илүү авчих гээд л. Өөрийн тэрэг нь эвдрэхгүй л бол дээдийн заяа, хэцүү ш тээ хүний удирдлага дор хувь компанид явж байгаа хүн гэдэг чинь. Хувьдаа машинтай бол бол дүү нь ч бурзайлаа даа.

Т -Сардаа 5 явбал сая төгрөгөнд зүтгэж байгаан байна тээ.

З -Тийн, яахав нэг нь өвдөж, энэ тэр гэвэл нэг илүү явах л юм. Гэхдээ тэгж муухай санаж яваагүй ээ, дүү нь. Хоёр идэж хоосон хонохгүй явж л байна яахав тийн ... за ирлээ ..энэ 1500 л байна яах уу ах.

Энгэр задгай хөлчүү залууг буулгаад харамсах ч шиг, ингээд авсан хэдэн төгрөгөө архинд өгөөд. Ер нь хараад байхад нийгмээрээ их стресстэй, тэгээд зав л гарвал уугаад байх шиг.

.

4.“Тэмээ” том ш тээ

.

Хүчит шонхор захын араар явтал нэг бүсгүй гар өргөлөө.

Т -Энд зах дээр байдаг уу, мах шөл ямар үнэтэй байна даа, жоохон доошлох нь уу.

З -Өө махны үнэ унаж байгаа ш тээ.

Хонины мах чинь наадмын өмнө 7000 гараад байсан одоо унаж байна. Үхэр ч бараг хэвээрээ 5000 руу л бууж байна ш тээ..

Т -Чи ямар мах зардгийн?

З -Үхэр. Уг нь хонь нь амар, үхэр ч хэцүү.

Т -Зарахад хэцүү гэж үү?

З -Тийн, яг л лангуун дээрээ зогсч л зарна ш тээ. Гадуур явж шахаа хийж бөөндөж зарах энэ тэр гэж байхгүй. Үнэтэй махыг чинь хүмүүс идэх л гэж авна.

Т -Үхрийн мах  үнэтэй юм билээ. Би наадмаар нэг өөхтэй хавирга тавиулчихсан  чинь..

З -15 мянга гараад явчихаж байгаа биз дээ, ккк тэгнэ.

Т -Харин тийн, тэгээд цочоод нөгөө хавиргаа хаяад зугатаах шахсан. Тэгээд бантсандаа авсан ш тээ.

З -Тэгнэ тэгнэ, наадмын өмнө хонь л томордогийм доо.

Т -Чи тэгээд наадмаар хонины махан дээр ажиллачихаж болдоггүй юм уу?

З -Хээ юу гэж тэгэхэв дээ. Үхэр нь дүүрэн, хонь нь ч дүүрэн байхад урдах урдахаа л хийнэ ш тээ. Бүгд л өөр өөрийн махаа авдаг сүлжээтэй ш тээ.

Т -Нөгөө нөөцийн мах гарчихаар та нарт нөлөөлөх үү?

З -Тийм юм байхгүй ээ, нөөцийн махыг чинь шим шүлтгүй гээд манайхан авдаггүй. Зах дээрээ л шаваад байдгийн. Шөл гардаггүй, цагаан шөлтэй амтгүй гээд нөөцийн махаа муулж өгдөг ш тээ, манайхан ямар махандаа гар татах биш. Өвөө эмээ нар чинь л зуу зуугаар нь өгөөд л авч байгаам даа.

Т -Лангууны түрээс гээд л асуудал бас байдаг л байх даа та нарт.

З -Харин тийн, сая түрээсээ нэмээд хаячихлаа. 120 байсан чинь 300 болчихлоо ш тээ.

Нөгөө Магнай дарга нь торгочихоор мөнгөө бид нараас гаргаж авч байгаа юм байлгүй.

Т -Тэгээд хэр том талбай тийм үнэтэй байх уу?

З -Чи хүчит шонхор захын лангуу руу орж үзсэн үү. Тэр нэг уртаараа лангуу чинь 3 хүний лангуу гэж явдгийн. Одоо бол тэр лангуу чинь сая төгрөг гэсэн үг. Тэгээд 3 хүн нэг нь 320- г өгч байна гэсэн үг. Тэгээд болоогүй одоо нэг шат хийсэн 600 мянган төгрөг авна л гэнэ, солиорч өгнө. Бас нэг өлгүүр нэмж хийсэн 200 мянган төгрөг гээд хуцаж өгнө ш тээ.

Т -Тэр нь ямар өлгүүр байх уу?

З -Яагаав нөгөө, махаа гуялж бариад өлгөчихсөн байдаг ш тээ. Тэр чинь шинэчилж янзалж байгаа. Нэг хүний 200 мянга гээд л амандаа орсноо хэлж л байгаа ш тээ. Бас жоохон ханатай хэлбэл ч яахав, тэрийг чинь нэг хоёр дэгээ төмөр гагнаад л хийчихэж байгаан. Одоо тэгээд сая төгрөгийн лангууны ард 600 мянган төгрөгийн өлгүүр.

Т -Өөр зах дээр сууж болдоггүй юм уу?

З -Өө тэгээд авч өгдөг нь бүгдээрээ эндээ сурчихсан болохоор чинь.

Т -Гэхдээ чи ч бас том зах дээр сууж байгаан байна шүү?

З -Өө миний том гэж юу байхав, хамгийн том нь тэмээ ш тээ.

Т -Яагаад, тэмээг тийм их хүн авах уу?

З -ккк тэмээг харин ч авна ш тээ. Одоо энэ цайны газрууд, хуушуур буузныхан чинь бүгд л адуу тэмээний мах л авна ш тээ. Үхрийг бол өөрсдөө идэх хүн л авна. Хаа нэг зарим Солонгос ресторан авбал авна гэхдээ их биш л дээ цөөн. Тэмээг бол шуудай шуудайгаар нь авч байна ш тээ. Хуушуурын гуанз, буузны гуанз, бас нөгөө... хиамны цехүүд чинь бүгд тэмээний мах авна. 4-5 газар нийлүүлдэг тэмээний хүмүүс чинь өдөрт саяыг л хийлээ гэж ярина. Бид бол шалихгүй хажууд нь өдөрт 60,100 л гэж ярина.

Т –Тэмээ рүү орохын тулд нэлээн мөнгөтэй байх хэрэгтэй болох уу тээ?

З -Одоо тэмээ рүү орно гэж байхгүй ш тээ. Тэмээ чинь ховор орж ирдэг болохоор сүлжээтэй аргатай хүмүүс л хийнэ. Бид нар бол тэмээ олж авч чадахгүй. Гуанз, цайны газрууд авдаг хүмүүсээсээ л авна, бид нараас авахгүй ш тээ.

Т -Пөөх атгачихсан гарууд байдаг юм байна тээ.

З -Тэмээг чинь тэгээд ч хонь шиг хамаагүй алж бэлдээд байж болдоггүй болохоор чаддаг хүмүүс нь л авчирч, том хийнэ. Бүх цайны газар бүгд л тэмээний махаар хуушуур, буузаа хийж байгаа ш тээ. Яг л үхэр хонь байж харагдаач. Эгээ л үнэр амт нь хурц болохоор адууны махаар л арай хийдэггүй байх.

Т -Хэн нэгнийгээ тэмээчин болоорой гэж ерөөмөөр юм байна даа ккк.

З -Тийн ш тээ хөө, за наана зогсоо ...тэмээний махтай бууз, хуушуур иддэг талаар сайхан ярьж өгсөн махны ченж бүсгүй Баянхошуу чиглээд буулаа.

.

Ойрд шөнө шөрмөс татах гээд байдаг болоод байгаа шүү. Хуушуур их идээд, тэмээний мах жоохон сэрүүдээд байгаан болов уу даа.

Дараагийн дугаартаа хотын захын амралтын газар, амралт зугаа цэнгэлийн орчинд өнгөрөөсөн адал явдлаа хүргэх болно.

.

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч

Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
hulguu.:
ene chin bodit amidral l bna uragsh aa ushuu ihiig bicheeree.
2013-08-11
sanald:
iluu ugleed bgaa hun ooroo unshihaa bolichooch hucheer unshtsan yum shig dongodood
2013-08-10
санал-д:
дэмий санагдвал уншихгүй гараад явчихаач цаана чинь эротик нтр гээд зөндөө л юм байна тэрийгээ унш тэх үү,,,, тэмээний махны тухай яг үнэн хэлж бүх гуанз цайны газар тийм гэж байна танидаг хүн ажиллуулдаг юм нээрээ л үхрийн махыг яг л идэх гэсэн хүн нь л авдаг даа
2013-08-10
goy:
goy goy amjilt
2013-08-09
зочин:
амьдрал л явж байна шүү дээ, бусад хүрээний амьдралыг мэдэж байхад туршлага болно
2013-08-09
Saraa:
Hoovon ahdaa bayarlalaa.goyo blaa shuu.tanii unench fan shuu.mongoldoo bgaa yum shig saihan bdag yum sonirholtoi.amjilt yavaad bgaarai
2013-08-09
zochin:
yahav dee zugaatai l bn. Hereggui sanagdaad bval uchnuun olon site bn unshihgui yu
2013-08-09
sanal:
iim hereggui demii ym end tavidgiig boliulah heregeti bnaa
2013-08-09