Баянзүрх дүүргийн XI хороо, төмөр замын 416 гарам дээр өчигдөр өглөө 07.20 цагт ачааны автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан. Энэ тухай Зам тээврийн сайд А.Гансүх “Гэрээ зөрчиж гарамын хаалтыг хуваариас өмнө нээснээс болж осол гарсан. Тус компани хариуцлага хүлээх боллоо. Харин Улаанбаатар төмөр зам гарамыг өөрөө хариуцахаар шийдэв. ЗТЯ, УБТЗ, ЭСТО компани хамтарсан ажлын хэсэг байгуулж ослын улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэллээ” хэмээн твиттерт бичжээ.
Осол гарсан төмөр замын гармыг “Эсто” компани хариуцаж байсан. Тус компани Богд уулын арын хурдны зам засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан юм.
Уг нь тус гарам хаалттай байх ёстой ч зам барилгын ажилтай холбоотойгоор “Эсто” ХХК-ийнхан Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өглөө 08.00-22.00 цаг хүртэл нээж, зөвхөн тус компанийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлж байхаар болжээ.
Ингэхдээ гармыг өөрсдийнхөө хамгаалалтад авч, аюулгүйн ажиллагааг нь бүрэн хариуцах гэрээтэй байсан аж. Гэтэл компанийн ажилчид гэрээгээ зөрчин цагаасаа өмнө гармыг нээн автомашинаа нэвтүүлж, осол гарсан юм.
Д.Цэцэг