Тарваганы арьс хууль бусаар гаргахыг оролдсон хүмүүсийг илрүүлжээ
2011-11-23

Замын-Үүдийн гаалийн газрын ажилтнууд БНХАУ руу гаргах гэж байсан хоосон чингэлэгт тарваганы их хэмжээний арьс нуусан байсныг өнгөрсөн долоо хоногт илрүүлсэн. Хоёр мянга шахам арьсыг лац ломботой чингэлэгт хэн хийсэн нь тодорхойгүй байсан юм. Замын-Үүдийн цаг даагийн хэлтсийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж, дээрх хэрэгт холбоотой хоёр ч залууг саатуулаад байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэд УБТЗ-ын Замын-Үүд өртөөнд ажилладаг аж. Учир нь саатуулсан төмөр замчин хоёр залуугийн цаана өөр ч албан тушаалтнууд байх магадлалтай гэнэ. Улаанбаатараас буцааж буй хоосон чингэлгийг гаалийнхан сайтар шалгаад тусгай лацаар лацаддаг юм байна. Дээрх лацыг хөндөх аргагүй байдаг аж. Гэтэл лацыг хөндсөн гэмээргүй авч, хилээр гаргахыг хориглосон түүхий эд хийсэн нь нэлээд зохион байгуулалттай хэрэг, анх удаа хийсэн үйлдэл биш гэж мөрдөгчид үзэж буй юм. Шалгалтын явцад өөр чингэлэгт ч арьс нуусан болохыг тогтоож, хураан авчээ.
Shuud.mn
Сонин хачин