UB Food Festival-ийн эргэн тойронд
2013-08-26

Дэлхийн улс орнуудад жил бүр хоолны томоохон фестивалиуд Taste of London, Taste of Paris, Taste of Chicago нэртэйгээр зохион байгуулагдаж хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд таниулсаар байдаг билээ. Тэгвэл Монголд анх удаа дээрх фестивалиудын адилUB FOOD FESTIVAL-ийг ВИВА СИТИ хороолол, Нийслэлийн Соёл, урлагийн газрууд хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Monet, Их Монгол,The IVY, Musashi, Irish pub, London pub гэсэн ерөнхий ивээн тэтгэгчтэйгээр Grandkhaan Irish pub, Namaste Indian Restaurant,  Паркийн Цайз ресторан буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн O"castle, Sky Lounge, Oriental Treasure, Ungane, Round Table, Irish castle, BBQ, Biwon, Pho House гээд Монголын шилдэг 30-аад ресторанууд өөрийн нэрийн хоолыг 1000-3000 төгрөгөөр худалдаалсан нь ёстой л нэг шилдэг ресторануудын хоолыг нэг дороос хямд үнээр амтлах ховорхон боломж байв.

Ерөнхий ивээн тэтгэч болох Monet, Их Монгол, The YVI, Musashi ресторануудын захирлууд үг хэлэн албан ёсоор арга хэмжээг эхлүүлэв.

Ресторанууд фестивалийн эхний өдрийн нээлтийн үеэр нэрийн хоолнуудаа үнэгүй амтлуулж байсан нь ирсэн зочдын талархлыг хүлээж байв.

Эдгээр амтат хоолуудыг ердөө 1000-3000 төгрөгөөр нэг дороос амтлах нь хаа ч байхгүй ховор боломж юм.

Тус фестивильд их хотын дэгжин залуус, хээнцэр охид чөлөөт цагаа өнгөрүүлэхээр цугласан байсанаас гадна гадны жуулчид нилээдгүй харагдаж байв.

Олны танил зарим эрхмүүд UB FOOD FESTIVAL-д зочилж ирсэн харагдав. Тэр дундаас хатагтай Сарантуяа бидний дуранд өртсөн юм. Нийслэлийн иргэд энэ л өдрүүдэд ажлын алжаалаа тайлж, их хотын дуу чимээнээс холдон шилдэг ресторануудын хоолыг амтархан идэж байв.

Монголд рекорд тогтоохуйц хамгийн том бялууг хийж танилцуулав. Тус бялуу нь 3х1 метрийн хэмжээтэй ба 919ш өндөг, 30кг гурил, 28кг элсэн чихэр, 45литр крем, 72ш лист кекс, 1000ш сарнайн чимэглэлээр 17тогооч 8 цагийн турш хийж 1800 хүн үнэгүй амталсан сайхан үйл явдал юм.Гадны орнуудын телевизээр л харж байсан тийм том бялууг хүүхэд багачууд гэлтгүй томчууд хүртэл нүдээ салгаж чадахгүй харж, бэлэн болохыг нь тэсэн ядан хүлээж энэ аварга бялуутай хамт зургаа татуулж байв. Тус бялууг Грийн Катеринг ХХК-ийн дэд захирал С.Батмөнх болон фэйсбүүкийн Sweet Kitchen группийн бүтээлч бүсгүйчүүд хамтран хийж фестивальд ирсэн зочдыг баярлууллаа.

Ерөнхий ивээн тэтгэгч Musashi рестораны дэмо хоол хийх үзүүлбэр үзэгчдын харааг эрхгүй булааж байв. Учир нь гэвэл хоол хийнэ гэдэг бол урлаг мөн юм байна гэдгийг ахлах тогооч нарын уран чадвар, мэдрэмжээс шууд харагдаж байв. Сушигээр гайхалтай сайхан хөлөг онгоцыг хийн дуудлага худалдаагаар зарж ялагч Б.Зоригтод гардуулав. Мэдээллийн ивээн тэтгэгч MNC Tv-ийн “Миний жор” нэвтрүүлгээр бяцхан үрсэд зориулсан амттанг хийж тэднийг баярлуулав. Ирсэн зочид амтат хоол зооглохоос гадна үзэж харж хөгжилдөх зүйл олон байсан нь эрэлхэг дайчин Мандухай хатны нэрээр нэрлэгдсэн хөгжимт усан оргилуур болон гудамжинд амьдаар дуулах авъяаслаг залуучууд зочдын сонорыг мялааж байв.

Мөн UB FOOD FESTIVAL-тай зэрэгцэн ВИВА СИТИ хорооллын сагсан бөмбөгийн талбайдTiger Street Football тэмцээний урьдчилсан шалгаруулалт явагдаж хөлбөмбөгт дуртай залуусын хорхойг хөдөлгөсөн үйл явдал болсон. Tiger Street Football нь хоёр дахь жилдээ Монголд зохион байгуулагдаж байна. Ази Номхон Далайн 7 том улсын шилдгүүдийг шалгаруулах энэхүү тэмцээн нь Камбодж, Австрали, Монгол, Сингапур, Малайз, Вьетнам ба БНХАУ-д энэ жил болж байгаа ба Монголоос шалгарсан баг нь 3000 долларын эзэн болохоос гадна олон улсын тэмцээнд оролцох эрх авах юм байна.

Амтат хоолуудыг идэхийн тулд урт дараалал үүсгэн зогссон иргэдийн дундаас энэ фестиваль жил бүр болж байвал гоё доо гэсэн бяцхан хүслийг төрүүлээд амжив.

Shuud.mn
Сонин хачин