Канадын компани жоншны салбарт хөрөнгө оруулахаар болжээ
2013-09-12

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Прима Флурспар” компани Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК-д хөрөнгө оруулалт хийхээр тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч АНУ-ын хөрөнгө оруулалтын Файебөрд санд санал хүргүүлжээ. Тодруулбал “Прима Флурспар” компани нь харилцан хувьцаа солилцох замаар хувь эзэмшихээр “Бэрх уул” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч Файрбөрд хөрөнгө оруулалтын санд ийнхүү саналаа илэрхийлсэн байна. Ингээд дээрх хоёр тал хэлцлийн үндсэн нөхцлийг зарчмын хувьд тохиролцсон тухайгаа зарлажээ.

Энэхүү гэрээ хийгдсэнээр “Прима Флурспар” компани "Бэрх уул" ХК-д доод тал нь 6 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох үүрэг хүлээж байгаа аж. Тус компани нь Канад улсад жоншны хайгуулын “Лиард” төсөлтэй бөгөөд нийт 22 мянган га талбайг хамарсан хайгуулын тусгай зөвшөөрөлтэй юм байна.

Харин Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Бэрх уул” ХК нь 1954 онд байгуулагдсан Монголын ууган уул уурхайн компанийн нэг юм. “Бэрх уул” ХК  Хэнтий аймагт байрлах Дэлгэрхааны жоншны ордыг эзэмшдэг. Дэлгэрхааны жоншны орд нь сүүлд хийсэн NI 43-101 олон улсын стандартаар 33.7 хувь дундаж агуулгатай, 9.6 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Хөрөнгө оруулалт хийснээр тус ордын олборлолтыг 2014 онд эхлүүлж, жилд 120 мянган тонн бүтээгдэхүүн гаргахаар тооцоолж буй аж.

А.Жаргал

Shuud.mn
Сонин хачин