3.000.000 төгрөг авах боломжтой
2011-11-24

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.2-т хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авсан бол 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын албан татвараас чөлөөлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн хөдөлмөр эрхэлж олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлдөг нь баталгаажсан тохиолдолд 3.000.000 төгрөгийг буцаан авах эрхтэй гэсэн үг. Үүний тулд дараах материалыг бүрдүүлэх ёстой. 1. Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний өргөдөл (гараар бичсэн) 2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 3. Хорооны тодорхойлолт (Ам бүлийн тоо, амьдран суугаа нь үнэн гэсэн тодорхойлолт) 4. Татвар төлөгч иргэний орлого зарлагын бүртгэлийн дэвтэр (Оршин суугаа газрын Татварын албанаасаа дэвтрээ авч, ажил олгогч байгууллагын санхүүгээр орлого, суутгуулсан татварын дүнгийн баталгаажуулалт хийлгэсэн байх) 5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (зурагтай эхний нүүр, тухайн жилийн орлого, нийгмийн даатгалын шимтгэл бөглөсөн нүүр, ажиллаж байгаа албан газрын тушаал, тамга дарсан нүүр. Нотариатаар баталгаажуулсан байх) 6. Албан газрын болон цалингийн тодорхойлолт (хүний тухайн байгууллагад ажилласан жил, албан тушаал, албан татварын чөлөөлөлтөд хамрагдаж байгаа саруудын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо, суутгуулсан татварын дүн) 7. Татварын чөлөөлөлт хүссэн хүний орон сууцны гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх) 8. Захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ (Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ, нотариатаар баталгаажуулсан байх) 9. Байр худалдан авахдаа төлсөн төлбөрийн баримт (байр худалдан авахдаа төлсөн мөнгөний баримтын хуулбар, эх хувьтай нь тулгаж үзнэ. Тухайн хүний жилийн цалингаас илүү үнэтэй байр авсан бол эх үүсвэрийг нь нотлох баримт. Өөрөөр хэлбэл, ХХОАТТ хуулийн 9.1.3-т заасны дагуу орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь албан татвар төлсний дараах орлого гэдгийг нотлох баримт) 10. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт. (Худалдах, худалдан авах гэрээтэй тохиолдолд үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт) 11. Зээлийн гэрээ (Зээл авсан байгууллагаас мөнгө шилжүүлсэн баримт, хэрэв үл хөдлөх хөрөнгийг зээлээр авч буй тохиолдолд чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр банк санхүүгийн байгууллагатай хийсэн гэрээ, тухайн зээл авсан байгууллагаас байранд төлсөн мөнгөний баримт. Гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байна) 12. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлсэн тайлан. (Үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй бол бараа материал, түүхий эд авахад зарцуулсан баримт) 13. Хамтран өмчлөгчтэй бол татварын чөлөөлөлт эдлээгүй гэдгийг нотолсон баримт (Үл хөдлөх хөрөнгийг хамтран эзэмшигч нь татварын чөлөөлөлт эдлээгүйг баталсан тодорхойлолт. Хэрэв хамтран эзэмшигч нь ажил хийдэггүй бол хорооны тодорхойлолт) Та бүрдүүлсэн баримтаа өөрийн оршин суугаа газрын Татварын албанд ирэх оны хоёрдугаар сарын 15-наас өмнө хандах ёстой.
Shuud.mn
Сонин хачин