“Jacktour” клубын залуус Туул голоо цэвэрлэв
2013-09-17

Нийслэл хотын маань өнгө үзэмжинд өнгө нэмдэг Туул голын бохирдолд сэтгэл зовж, эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх аян хаврын урин дулаан эхлэхээс намрын сэрүү ортол үргэлжилдэг гэж болно. Хэн нэгэн нь өөрийн зугаа цэнгэл, цаг нөхцөөсөн жаргалдаа ташуурч, хог хаягдлаа хаа сайгүй хаяж үлдээнэ. Гэтэл зарим нь байгаль дэлхийгээ ариун байлгахын төлөө хичээж тэдний өмнөөс хариуцлага хүлээсэн мэт ажилладаг.  Туул  гол орчмын бохирдолыг цэвэрлэх ажлыг энэ удаад байгаль орчинд ээлтэй аялалыг дэмжигч залуусын “Jacktour” клубээс санаачлан зохион байгуулсан байна. Энэхүү ажлынхаа тайланг өөрсдийн фейсбүүк хуудсанд үлдээснийг хүргэж байна.

t

Цэвэр сэтгэл цэмцгэр Туул

Зугаа цэнгэл, архидалт, самуун явдал … Энэ яахав дээ хаа газар байдаг л зүйл, зөвхөн Монголд ингэдэг ч юм биш, соёлтой шоудаж зөв цэнгэвэл сайхан л зүйл. Харин байгаль дэлхийгээ бузартуулан хамаг хог новш, дотуур хувцсаа хүртэл орхиод явна гэдэг хаа газар хэзээ үүссэн ухамсар вэ ? Энэ лав Монгол суртахуун, Монгол соёл биш байх.

f

2013 оны 09 сарын 15 өдөр “Jacktour” чөлөөт аяллын клубээс санаачлан зохион байгуулсан “Цэвэр сэтгэл цэмцгэр туул” уриатай Хатан туулаа цэвэрлэх олон нийтийн “Субботник” амжилттай болж өндөрлөлөө. Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Туул голын ай сав газрыг урд, хойд талаас нь дөрвөн баг ханцуй шамлан орж голдоо уулзсанаар энэхүү арга хэмжээ өндөрлөсөн юм. Тус арга хэмжээнд нийт 81 хүн оролцсон бөгөөд хүн бүрт 10000 төгрөгөөр цалин бодогдож, тэр бүх мөнгө нь 13 жилийн турш орон гэргүй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг асран, нийгэмшүүлэх ажил хийж буй 68 настай Тамара буурлын хашаа барих ажил, мөн “Эмээгийн цэцэрлэг”-т хандивлагдаж байгаа юм.

f

Хэн хийсэн, хэн мундаг нь тийм сонин биш, ер нь бол Монгол залуусын л хөдөлмөр. Харин олон хүмүүст санаа өгч, уриалга болоосой гэж чин сэтгэлээсээ хүссэн. Нэг дор хоослож орхисон 21 ширхэг Улаанбаатар архины лонх, хаа сайгүй хөглөрөх бэлгэвч, дотоож, хөхний даруулга … Өстэй юм шиг хагалж орхисон архины шилнүүд, өт хорхой шавуулж хадгаар боомилуулсан моднууд … Төрсөн гэрээ ч олигтой цэвэрлэж амждаггүй залуус байж болох бүх л ялгадас, бөөлжис, хог новшнуудыг түүж цэвэрлэсэн. Арчаагүй, сэтгэлгүй, амиа бодсон хүмүүсийг харж залхлаа ! Хэзээ ч хөдлөхгүй мөртлөө хөгжил ярьж суух хоосон цуурайнуудыг сонсож цөхөрлөө !

f

Цэвэр сэтгэл цэмцгэр Tуул! Эхлээд сэтгэл цэвэр байх ёстой, хог хаядаггүй байгаль дэлхийгээ хайрладаг тийм сэтгэл байж гэмээнэ сая цэмцгэр туулын тухиа яриа эхлэнэ. Ирэх жил дахиад бохирдоно, энэ ялгаагүй давтагдана, ухамсар сэтгэхүй өөрчлөгдөөгүй цагт хэзээ ч Туул гол хогноосоо салахгүй.

g

Эцэст нь хэлэхэд Бат-Үүл дарга аа! Нэгэнт хориод дийлэхгүй, олон хүмүүс Туул голын эрэг дээр зугаацах хүсэлтэй байгаа юм бол цөөхөн хэдэн газрыг тусгайлан зааж өгөөд хогын сав, хараа хяналтыг нь хангалттай тавьж өгөөд энэ асуудлаа нэг мөр цэгцлэвэл яасан юм бэ ? Тэгэхгүй бол архидалт, янхандалт, машин угаалга гээд байж болох бүх бузар энэ голыг маань сүйтгэх нь байна шүү. Маш олон улс ингэж шийдсэн байдаг юм билээ.

JACKTOUR”  гэжээ.

g

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ta buhnii ajiliig demjij baina.
2013-09-17