УИХ-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ
2011-11-24

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90, Шинжлэх ухааны Академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухааны салбарын нийт хамт олон, эрдэмтэн, судлаачдад баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монголчууд бид оюун ухааныг шүтэн дээдэлж, эрдэм мэдлэгийн их өвийг олон мянган жилийн турш судлан бүтээж ирсэн баялаг түүхтэй, оюунлаг ард түмэн билээ. 1921 онд Монголд “Судар бичгийн хүрээлэн” байгуулснаар орчин үеийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигдаж, улмаар Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн болж хөгжин 1961 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академи байгуулагдсан нь XX зууны Монголын түүхэн томоохон ололт, дэвшил юм. Ийнхүү шинжлэх ухаан өнөөдөр Монгол Улсын хөгжлийн тулгуур, ард түмний оюуны хүртээл болж байгааг тэмдэглэхэд нэн таатай байна. Улсын Их Хурал шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд ихээхэн анхаарал тавьсан. Шинжлэх ухааны салбарт эрдэмтэн судлаачийн бие дааж ажиллах, бүтээлч санаачилгыг өрнүүлэх, нийгмийн хариуцлагыг нь өндөржүүлэх, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны парк байгуулах, салбарын гадаад, дотоод интеграцийг бэхжүүлэн өргөжүүлэх, төр-шинжлэх ухаан-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх, олон улсын судалгааны шилдэг арга зүйгээс суралцах, дэлхийн шилдэг техник технологи, инновацийг нэвтрүүлэх хөгжлийн ээлжит зорилтууд тулгарч байна гэдгийг Улсын Их Хурлын дарга мэндчилгээндээ онцолсон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Shuud.mn
Сонин хачин