Д.Ганхуяг: Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд зохицуулалт хийнэ
2013-09-17

УИХ-ын Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн  байнгын хорооны хуралдаан Төрийн ордны Б танхимд боллоо. Хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслүүдтэй холбогдуулан Уул уурхайн сайд Д.Ганхуяг байнгын хорооны гишүүдийн сонирхсон асуултад хариулж байна.

.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Урт нэртэй хууль батлагдсанаар хөрөнгө оруулалт 33 хувиар буурсан гэх тооцоо байна. Энэ хуулийн хүрээнд хичнээн компанийн лиценз цуцлагдах вэ?

-Урт нэртэй хууль хэрэгжих тогтоол гарснаар бүх ордын үйл ажиллагаа зогссон. Харин гар аргаар алт олборлогчид нууцаар олборлож байгаа. Үүнийг бид зогсоож чадахгүй өнөөг хүрлээ. Урт нэртэй хууль хэрэгжсэнээр усны эх, ой сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын лицензийг цуцлах юм. Ер нь 2011 оны байдлаар нийтдээ 4000 гаруй тусгай зөвшөөрлийг компаниудад олгосон байдаг. Гэхдээ хуулийн хүрээнд хил хязгаарыг одоо хүртэл тогтоож чадаагүй байна. Хилийн заагийг тогтоосны дараагаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд зохицуулалт хийнэ. Хууль батлагдахаас өмнө хайгуулын зөвшөөрөлтэй байсан бол цуцална. Харин ашиглалтын зөвшөөрөлтэй байсан компаниудад зохицуулалт хийнэ.Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоохоор байгаль орчныг нөхөн сэргээхгүй тэр чигээр нь орхих гээд байна. Үүнд зохицуулалт хийнэ. Хууль батлагдсаны дараа  дээрх зөвшөөрлийг авсан бол одоо хүчингүй болгож цуцална. Засгийн газрын баталсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.

.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Урт нэртэй хуульд хийх нэмэлт өөрчлөлийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Хуулийн хүрээнд эрхзүйн зохицуулалт хэзээ орж ирэх вэ? Байгаль орчинд нөхөн сэргээлт хийгдэхгүй хохирсон гэж байна.

-Эрхзүйн хэм хэмжээг тогтоох хууль оруулж ирнэ. Зарим тулгамдсан асуудлуудаа энэ хүрээнд шийднэ. Компаниудад 222 тэрбум төгрөгийн нөхөн олговор, байгаль орчны нөхөн сэргээлтэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Нөхөн олговрыг УИХ шийднэ.

.

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Бид алт идэж амьдрахгүй. АН-ын даргад  далдагнаж  байгаа хэдэн нөхөд л алт ухах гэж энэ хуулийн төслийг лоббидож байна. Монгол Улсын ургамлын бүрхүүл 20 хувиар буурсан гэдэг судалгааг гадаадынхан гаргасан байна лээ. Алт ухаж амьдрахаар ногоо тарьж амьдрамаар юм. Монгол орноо худалдаж дууслаа, одоо болих хэрэгтэй.  Гадаадын хөрөнгө оруулалттай  энэ компаниуд дотор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  нь хэд вэ?

-Үйл ажиллагааг нь зогсоогоод байхад гар аргаар алт олборлогсод үнэндээ дийлдэхгүй байна. Байгаль орчин нөхөн сэргээгдэхгүй хаягдлаа. Гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, тусгай зөвшөөрөлтэй 348 компанийн 91 нь ашиглалтын лицензтэй. Нийт  байгууллагуудын 79 хувь нь дотоодын аж ахуйн нэгж.   "Централгоулд", "Бороогоулд" гээд гадаадын томоохон компаниуд байгаа.  Үүнээс алт олборлох тусгай зөвшөөрөл 194 байна.

.

УИХ-ын гишүүн А.Тлейхан:

-Урт нэртэй хуульд дагаж мөрдөх журам гаргаснаар байгаль орчинд хохирол учруулахгүй гэсэн баталгаа бий юу?

-Урт нэртэй хуулийг батлаад таван сарын хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар заасан. Энэ нь өнөөг хүртэл хэрэгжээгүй. Одоогийн хэлэлцүүлж байгаа дагаж мөрдөх журам батлагдсанаар байгаль орчин нөхөн сэргээгдсэн байх ёстой юм.

.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Энэ хуулиас болж Эдийн засаг уналаа гэж УИХ-ын дарга З.Энхболд  хэлсэн. Худлаа ярихаа болих хэрэгтэй, эрх баригчид. З.Энхболдыг бусдаасаа гайгүй юм гэж бодож байсан чинь бүүр дор шүү. Энэ хуулийн заалтыг тогвортой явуулмаар байна. Нөхөх олговрыг нөхөн сэргээлт хийсэн компаниудад л олгоё. Усны эх, ойн сав газар алтны үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглоё.

-Урт нэртэй хууль хэрэгжих ёстой. Энэ хуульд нэг ч өөрчлөлт хийгээгүй. Зөвхөн дагаж мөрдөх журмын нэмэлт өөрчлөлт л оруулах гэж байна.

.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Надад ашиг сонирхлын зөрчил байхгүй. Сонгуулийн үеэр намайг ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж гүтгэж байсан.  2004 оноос хойш би хууль бус олборлолтыг зогсоох  амлалтыг сонгогчдодоо өгч, тэдний саналыг сонсож,  хууль боловсруулах хүрээнд ажилласааар ирсэн. Урт нэртэй хууль гарснаар ахиц авчирсан. Баталсан хуулиасаа ухармааргүй байна. Улс орны эдийн засаг хүнд, алтны олборлолтыг зогсоож өгөөч,байгаль орчин сүйдлээ гэж  иргэд гуйж байна шүү дээ.

Ийнхүү хамтарсан байнгын хорооны хуралдаан энэ хуулийн төслийн хүрээнд ажлын хэсэг байгуулахаар боллоо. Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа  Эдийн засгийн байнгын хороо үргэлжлэн хуралдлаа.

.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
аваргаа та худал залаагүй биз Дорноговийн Өргөн суманд байдаг уурхай танайх гэдэг дээ
2013-09-18
ЗОЧИН:
НААД ХУУЛИА ХУРДАН ХЭРЭГЖҮҮЛ МАЛУУДАА. ГАЗАР ШОРОО АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХОРДОЖ ДУУСЛАА. АЛТНЫХАА АШГИЙГ ХҮРТЭЖ ЧАДАХГҮЙ МОНГОЛ СӨНӨХ НЬ.
2013-09-18
enrel:
Altguigeer ulsaa uls bna gej yaj tusuulvuu, ene mal!
2013-09-17