Л.Цогзолмаа: Миний монголын залууст их хувь заяа бий
2013-09-25

Төрийн шагналт, ардын жүжигчин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Лувсанжамцын Цогзолмаа гуайг танихгүй хүн ховор биз.  Өдгөө 90 насыг зооглож буй гэж хэлэхийн аргагүй жавхаатай яваа нь бахархалтай. Урлаг хэмээх  ариун сүмийн хүндтэй зочинтой хөөрөлдсөнөө хүргэж байна.

.

-Сайхан намаржиж байна уу? Таныг намрын улиралд их дуртай гэж сонссон?

-Сайхан намаржиж байна.  Энэ улиралд их сайхан тэнүүн болчихдог. Тариа будаа элбэг их баян улирал шүү дээ. Малчдын сэтгэл ч сайхан болж найр наадам хийдэг. Тийм болохоор дуртай байдаг юм болов уу даа.

.

-Таны төрсөн нутаг болох Төв аймгаас урлагийн “шилдэгүүд” төрөх юм.  Үнэхээр гайхамшигтай?

-Тэр үнэн. Би чинь Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаанхад гэдэг газар 1924 онд төрсөн. Багаасаа өнчирсөн ч гэсэн урлагийн буянаар сайхан амьдарлаа. Төрүүлсэн ээж маань намайг гаргаад сарын дараа бурхан болсон гэнэ лээ хөөрхий. Өргөж авсан аав, ээж маань намайг зургаан настай байхад бурхан болсон. Тэгээд би өргөж авсан аавынхаа өргөмөл ганц охин Маамаа эгчийн гар дээр үлдсэн дээ. Энэ буянт эгч маань ч гэсэн нэг их урт наслаагүй. Намайг 17 -той байхад буюу 32 хон насандаа бурхан болсон. Би их сайн ханьтай учирсандаа их баярлаж явдаг. Ханилсан хань хамгаас чухал.

.

-Аавыг тань лам хүн байсан гэж дуулсан?

-Миний өргөж авсан аав Лувсанжамц маань их том биетэй сайхан хүн байсан. Гандан хийдэд суугаагүй ч маани мэгзэмийг тун сайхан уншдаг байж билээ. Аав маань том биетэй хүн болохоор  хэр баргийн морь даахааргүй болохоор өөрөө унадаг сэтэртэй  ганц морьтой байсан.

.

-Амьдралынхаа аз жаргалтай үеийг эргэн дурсаач?

-Анхны хүүхдээ төрүүлсэн үе буюу 1948 он. Тэр үед удам залгах үртэй болсондоо хязгааргүй их баярлаж, догдолж байсан. Мөн олон улсын фестивальд монголоо төлөөлөн оролцож, туг өргөж явахад их л сайхан бахархалтай санагдсан.

.

-Таны охин Н.Сувд Мандухайн хатны дүрийг тун чадварлаг бүтээсэн. Таньд энэ дүр нь хэр сайн болсон гэж санагддаг вэ?

-Би эхлээд Мандухайн дүрийг авсан гэхээр нь их айж байсан. Бүр чадахгүй болов уу даа гэж бодож байснаа нуугаад яахав. Охин маань санаснаас сайн тоглосон болохоор баярладаг. Сайхан хатны дүрээр түүхэнд мөнхөрсөнд нь эх хүний хувьд сэтгэл тэнэгэр явдаг даа.

.

-Н.Сувд гуай та хоёр их сайхан инээмсэглэдэг?

-Баярлалаа. Зарим хүмүүс манай гэрийнхнийг худлаа инээдэг гэдэг. Гэхдээ хүн худлаа инээгээд байхыг хүсэхгүй шүү дээ. Цаанаас нь л заяасан  гэж боддог.

.

-Ингэхэд та ямар хоббитой юм бэ?

-Хобби гээд байх юм алга даа. Кино, жүжиг үзэх дуртай юм уу даа. Сүүлийн үед кинонд их дурлаад байгаа. Нэлээн хэдэн кино үзэж байна.

.

-Эмэгтэй хүний үнэ цэнэ юундаа байдаг юм бэ?

-Сэтгэл нь сүү шиг байх хэрэгтэй.  Зан ааш сэтгэл сайтай хүний үйлс дандаа дэлгэрч явдаг жамтай. Мөн ханилсан хань, үр хүүхдэдээ хайр халамжтай байх нь хамгаас чухал.

.

-Та чинь зууны сайхан эмэгтэй шүү дээ?

-Миний бусдаас гойд сайхан гэж юу байхав. Намайг хүндэтгэж  өргөмжилсөнд талархаад барахгүй нь. Сайхан эмэгтэй зөндөө  л бий. Би хүнээс гажууд байхыг хүсдэггүй.

.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын дурсамжийн номыг уншсан.

.

-Таны бахархал?

-Хэдэн хүүхэд маань л юм даа.

.

-Үр хүүхдэдээ захидаг зүйл?

-Аливаад үнэнч бай. Ажлаа сайн хий. Үнэнч шударгаар хөдөлмөрлө, хүнлэг бай гэж л захидаг.

.

-Ингэхэд таны төрсөн өдөр хэзээ болдог юм бэ?

-Зургадугаар сарын 15 гэдэг. Үнэн худал нь бүү мэд. Ногооноор төрсөн гэхээр нь таачихсан юм.

.

-Та төрсөн өдрөө тэмдэглэдэг үү. Эзэн богд Чингис хаан төрсөн өдрөө тэмдэглэхийг зөв гэж үздэг байсан юм билээ?

-Үгүй ээ. Тэмдэглэж сүйд болж үзээгүй. Хүүхдүүдээ бага байхад нь төрсөн өдрийг нь тэмдэглэдэг байсан. Том болсноос нь хойш тэмдэглэхээ больсон доо.

.

-“Цогт тайж” киноны Дулмаа хэмээх сайхан гүнжийн дүрийг хэрхэн бүтээх болов. Энэ талаар эргээд дурсахгүй юу?

-Уг нь, энэ дүрд Рэнцэнноров тоглох ёстой байсан юм. Хүүхэд нь хагалгаанд орсон болохоор би тоглох болсон. Тэр үед би чинь хөгжимчин байлаа. Дөнгөж театрт орж ирээд  байсан үе. 1944 онд энэ киноны Дулмаагийн  дүрд тоглосон Ц.Цэгмэд, Цэрэндэндэв, Дамдинсүрэн гээд олон алдартай жүжигчинтэй тоглосондоо баярлаж явдаг.

.

-Та урлагийн буянаар дэлхийн олон оронд очсон. Хятадын удирдагч Мао Зэдүн гуайтай уулзаж байсан гэдэг. Өөр ямар ямар улсын тэргүүнтэй нүүр тулж байв?

-Тийм ээ. 1953 онд  Хятадад айлчлахдаа тус улсын удирдагч Мао Зэдүнтэй уулзаж  цэцэг барьж байсан. Дараа нь Энэтхэгийн Неру, Индра , Вьетнамын удирдагч Хо Ши мин гээд олон сайхан түүхт хүмүүстэй уулзаж байлаа. Ер нь хүний амьдралыг дуу хуургүйгээр төсөөлөхийн ч аргагүй.

.

-Хөдөлмөрийн баатар болно гэдэг, ховорхон хувь тавилан шүү?

-Тийм ээ, Намайг Хөдөлмөрийн баатар гээд дуудахар их балмагддаг. Арга ч үгүй асар их өндөр хайр хишиг шүү дээ.

.

-Та хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэгтэй байлгүй яахав. Бурхан шүтээндээ заяа буянаа даатган залбирч явдаг.

.

-Уулга алдахаараа хэлдэг үг?

-Ээ бурхан минь л гэдэг дээ.

.

-Уншигч олондоо хандаж юу хэлэх вэ?

-Эрүүл саруул байж өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэж яваарай гэж захья. Миний монголын залууст их хувь заяа бий гэдэгт итгэдэг.

.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tsogt taijiin hulan gants neg duu uur yu bilee sanaand ordoggyi ee...
2013-09-26
укаа:
сүүлийн үед бүх юмыг л минийх л гэдэг болж дээ. миний монгол, миний монголчууд, миний ард түмэн...болж өгвөл өөрийн болгочих санаатай.би жишээ нь нэг хүнийх л болсон яваа хэрэг шүү дэ хэхээ зах зээл эн юм бх даа.
2013-09-25
Amgaa:
Buyantai buuraldaa ervvl enhiig hvsie Vneheer uhaantai saihan hvn shvv ta tanig hvndetgej yabdag
2013-09-25
zochin:
Buyantai buuraldaa eruul enkhiig husie
2013-09-25