Төмөр замын ачаа тээвэрлэлтийн зөрчлийг арилгуулжээ
2013-10-03

 

Барилга, орон сууц баригдах дулааны улирал эхлэх үе болон баяр ёслолын үеэр төмөр замын тээврийн үйл ажиллагааны хэвийн байдал доголдох, иргэд аж ахуйн нэгжүүдийг чирэгдүүлэх, үнэ тариф өндөр байна гэх гомдол ШӨХТГ-т байнга ирдэг байна. Тухайлбал, иргэд "УБТЗ" ХНН-ийн вагонд шууд ачаагаа өгье гэхэд авдаггүй байсан бөгөөд Улаанбаатарт хүргэх үйлчилгээ үзүүлдэг компанид ачаагаа өгөх гэж иргэд маш урт дараалалд зогсох, өндөр төлбөр төлөх зэргээр хохирдог байсан ба тус зөрчлийг арилгуулах ажлыг ШӨХТГ хийжээ.

.

Энэ талаар тус агентлагийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Б.Төвшинболороос тодрууллаа.

.

-Төмөр замын ачаа тээвэрлэлттэй холбоотой асуудал олон хүний эрх ашгийг зөрчдөг. Энэ талаар танайхаас юу хийж байна вэ?

Иргэдийн гомдлын мөрөөр шалгалт хийхэд "УБТЗ" ХНН-ийн даргын тушаал гаргаж холимог ачааг Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхдээ иргэд, аж ахуй эрхлэгчдээс шууд авч тээвэрлэхгүй зөвхөн "Дулаан винг" ХХК, "Туулын гүүр далай" ХХК, "МТЗ" ТӨХК, "Эн жи лик" ХХК зэрэг компаниудаар дамжуулан авч тээвэрлэдэг байсан нь тогтоогдсон. Гэтэл эдгээр компаниуд нь иргэд, ахуй эрхлэгчдийн ачаа, барааг "УБТЗ" ХНН-ийн вагоноор дамжуулан тээвэрлэхдээ төмөр замын батлагдсан тарифаас өндөр үнээр бодон төлбөрийг авч иргэд, аж ахуй эрхлэгчдийг хохироодог байсан байгаа юм. .

-Бусад зөрчлийн талаар дурдвал?

-Замын-Үүд өртөөнөөс хүнс, барилга болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ тус тусад нь ангилан зориулалтын вагонд ачдаггүй, нэг газарт ижил төвшинд дугаарлуулан ачдагаас уг бараа бүтээгдэхүүний тээвэрлүүлэгчдийг ихээхэн чирэгдүүлж эмх замбараагүй дараалал үүсдэг байсан. Энэ нь нэг талаас Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар хот хүртэл тээвэрлэгдэж буй хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн горим алдагдах, улмаар эрүүл ахуйн чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрэх нөхцлийг бүрдүүлдэг байсан. Нөгөө талаас тээвэрлэлтийн эмх замбараагүй дугаарлалт, зохион байгуулалтгүй ачилтаас үүдэлтэйгээр тээвэрлэлтийн хугацааг тодорхойгүй хугацаагаар саатуулж тухайн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сааруулж эцсийн худалдан авагчдын эрэлтийг ихэсгэж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нөхцлийг бүрдүүлдэг. . -Зөрчлийг арилгах талаар шаардлага хүргүүлсэн үү?

-Манайхаас зөрчлийг арилгуулах талаар "УБТЗ" ХНН-т албан шаардлага өгсөн. Улмаар "УБТЗ" ХНН-ийн зүгээс улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зөрчлөө арилгаж өөрийн ХНН-ийн даргын баталсан үнэ тарифын дагуу холимог төрлийн ачааг тээвэрлэдэг болж иргэдээс ачаа тээврийн тарифыг илүү авдаг байсан явдал зогссон. Мөн хүнс болон барилга, бусад төрлийн ачааг тус тусад нь хүлээн авч тээвэрлэдэг болсон. Барилгын материал ихээр тээвэрлэдэг саруудад "Болд төмөр ерөө гол" ХХК-иас вагон түрээслэх замаар төмөр замын ачаа тээврийн эрэлтийг хангаж ажиллаж байгаа. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын зөв горимоор тээвэрлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин