Ч.Улаан: Төсвийн алдагдлыг хоёр эх үүсвэрээр санхүүжүүлнэ
2013-10-07

Засгийн газраас 2014 оны улсын төсвийн төсөл, мөнгөний бодлогыг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.

6

-Ирэх оны төсвийг боловсруулахдаа ямар зарчмыг  баримталсан бэ?

-2014 оны төсвийн төслийг УИХ-д Засгийн газар өргөн барьсан. Энэ төсвийг боловсруулахдаа УИХ-аас баталж өгсөн төсвийн хүрээний мэдэгдлийн гол зарчим, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг хангаж боловсруулсан. Төсвийг боловсруулахад хуулийн дагуу дөрвөн үндсэн шаардлагыг хангаж боловсруулсан байх учиртай.  Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний үнийн савлагаанаас аль болохоор ангид байх ёстой. Тиймээс төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн зарчмаар тооцож байна.  Төсвийн алдагдлын эзлэх хувийн жин ДНБ-ний 2 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа. Мөн төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах учиртай. Өмнөх 12  жилийн төсвийн зарлагын өсөлтийн хувь хэмжээнээс өсөөгүй байх ёстой. 2014 оны төсвийн төслийн нэг онцлог бол зарлагын өсөлтийг өмнөх оныхоос  нэмэгдүүлэхгүй байх зарчмаар боловсрогдсон. ДНБ-д эзлэх өрийн хувь хэмжээг хуулийн заалтын хэмжээнд барих ёстой. Энэ үзүүлэлтийг тооцоо судалгаа хийж, бодит байдалтай уялдуулан авч үзсэн. 2014 онд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа. 2010 онд УИХ тогтоол гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэх ёстой гээд гадаад зах зээлээс 1,5 тэрбум ам.долларын үнэт цаасыг босго гэдэг үүргийг Засгийн газарт өгч байсан.  2011 оноос Монгол Улсад бүтээн байгуулалтын ажил эрчимжинэ гэж үзсэн. Тиймээс төсвийн үзүүлэлтэй уялдуулсан. Гэтэл харамсалтай нь 2011 онд  дээрх хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг босгож чадаагүй.  Ингээд 2013  оноос Чингис бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрүүд бүрдсэнээр Монгол Улсад бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх үе шат эхэлсэн. Тиймээс хуулийн тогтоосон хугацаа хоёр жилээр ухарч хэрэгжих шаардлага гарч байгаа.  Энэ үүднээс төсвийн үзүүлэлтийг уялдуулан боловсруулсан байгаа.

6

-Төсвийн орлогыг хэр тооцоолсон бол? Энэ жилийнхийг  хөөсрүүлж тооцсоноос алдагдал хүлээлээ гэж байсан.

-Төсвийн орлогыг аль болох бодитой байх, хэрэгжих үндэстэй, өнөөгийн эдийн засаг санхүүгийн шаардлагыг хангасан байх зарчимд нийцүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Энэ үүднээс төсвийн орлогыг тооцохдоо татварын шинэ төрлийг бий болгохгүй гэдэг хатуу зарчмыг барьсан. Монгол Улс өнөөдөр бизнесийн нэн тааламжтай орчинтой орон шүү дээ. Татварын энэ хөнгөлөлт чөлөөлөлт, таатай орчныг хадгалж үлдэнэ. Харин татварт аль болох тэгш, шударгаар хандах үүднээс бааз суурийг нь өргөтгөх, байгаа боломжоо дайчлах үүднээс төсвийн орлогоо бүрдүүлнэ гэсэн зарчим барьсан. Зарлагын тухайд аль болох хязгаарлах ёстой. Өмнөх жилүүдэд байсан буруу практикийг хална. Төсвийн орлого нэмэгдэхийн хэрээр зарлагаа нэмэгдүүлдэг энэ буруу практикаас ангижрах ёстой  гэсэн зарчмаар зарлагаа тооцсон. 2014 онд урсгал зардал өмнөх оноосоо тав орчим хувиар буурч төлөвлөгдөж байгаа. Энэ нь шинээр хөрөнгө оруулалт, шинээр арга хэмжээ төлөвлөхөд зарцуулах зардлыг чөлөөлөөд, өнөөдрийн төсвийн зардал нэмэгдэхгүй, хорогдож байхаар зарлагыг тооцсон. Тэвчиж болох зардлыг аль болох тэвчих, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримталсан. Улсын төсвөөс өгч байгаа татаасыг хэмжээнд нь хязгаарлах, нөөц бололцоогоо дайчлан, орлогоо зарлагатайгаа уялдуулан авч үзэх зарчмыг баримтлан ирэх оны төсвийг баталсан.

6

-Төсвийн алдагдлаас хэр сэрэмжилж тооцсон бэ?

-Ирэх оны төсөв ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх алдагдалтай байхаар төлөвлөсөн. Энэ нь хуулийн зөвшөөрсөн хэмжээнд багтаж байна. Төсвийн алдагдлыг хоёр эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Санхүүгийн зах зээл дэх чөлөөт эх үүсвэрийг дайчлах буюу Засгийн газрын үнэт цаасаар төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Мөн гадаадын зээл тусламжийг ашиглах замаар 2014 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. 2014 оны улсын төсвийн төсөл бол бүхэлдээ төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн  тогтвортой байдлын  тухай хуулийн зарчим, шалгуур үзүүлэлтэд нийцсэн, үндсэн тэнцвэр үзүүлэлт нь хоорондоо балансалж уялдсан төсөл болсон.

6

-Төсвийн хэдэн хувийг гадаад өр эзэлж байгаа бол?

-Гадаад өрийн хувьд хоёр асуудлыг онцгой анхаарч авч үзэх ёстой. Урт хугацаанд  ашигласан, хандивлаг орнуудаас авсан өрүүд хуваарийн дагуу хийгдэнэ. Эдийн засагт онцгой ачааллыг өгөхгүй байгаа. Учир нь олон жилийн хуваарьтай.  Үндсэн болон хүүгийн төлбөр нь жил жилийн төсөвт тусгагдаад явж байдаг. Харин онцгой анхаарах ёстой нэг асуудал гарч ирээд байна. Энэ нь ойрын жилүүдэд ашигласан зээлийн урьдчилгаа төлбөрийг нөхөн суутгах асуудал байгаа. Оюутолгойгоос 250 сая ам.долларын, Тавантолгойгоос 350 сая ам.доллартай тэнцэх хэмжээний  урьдчилгаа төлбөр авч байсан. Үүнийгээ Хүний хөгжил сангаар дамжуулаад ард иргэд тараасан. Энэ урьдчилгаа төлбөрүүд орж ирж байна. Энэ зориулалтаар ирэх онд 450 орчим тэрбум төгрөгийг бид төсвөөс суутгуулна төлнө. Олон жилийн хугацаанд авсан хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөр жилдээ 150 орчим тэрбум төгрөг байгаа. Гэтэл ойрын хэдхэн жилд авсан урьдчилгаа төлбөрийн өр нь 450 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь улсын төсөв дээр багагүй хэмжээний ачааллыг авчирч байна.

7

-Цалин тэтгэврийг нэмэх үү?

-Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх шаардлага байгаа. Өмнөх жилүүдэд цалин тэтгэврийг аль болох нэмэгдүүлэх бодлого барьж ирсэн. Бид ч цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 2014 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилгоор  250 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөвлөж байгаа. Энэ нэмэгдлийг шинэлэг арга барилаар олгоно. Урьд нь олгож байсан шиг сар, хувь зарлаад дуулиан шуугиан болгохгүй. Ирэх онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхдээ юмны үнэ, өсөлтийг харгалзан индексийг хэрэглэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын үр дүнтэй уялдуулах, салбарын онцлогийг харгалзах зарчмаар тооцно.

7

-Ирэх оны төсвийн төслийн орлого, зарлагыг хэдэн их наядаар төлөвлөгдсөн  бол?

-Ирэх оны төсвийн төсөлд орлогыг 6,8 их наяд, зарлагыг 7 их наяд төгрөг байхаар урьдчилан төлөвлөөд байна.

6

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин