Цахилгаан, дулааны асуудлыг 24 цагийн турш хүлээн авдаг болно
2013-11-02

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаас “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд нь мэдээллийн төв дээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бол  замын хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байгаа.

Эдгээр тусдаа ажиллаж байгаа шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж нэгдсэн нэг удирдлагаар хангах шаардлагатай байгаа тул “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв” байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Уг төвийг байгуулснаар иргэд  цахилгаан, дулаан, ус сувгийн сүлжээ, замын хөдөлгөөний ачаалал, зам засвар, шинэчлэлт, халтиргаа гулгаатай холбоотой асуудлаар утсаар дуудлага өгч, дуудлагын дагуу  хугацаа алдалгүй шийдвэрлэн, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг дэмжиж, мэдээлэл хүлээн авах системийг боловсронгуй болгон, сайжруулаад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин