Капитал банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямбатай хийсэн ярилцлага
2013-11-04

“Капитал банк”-ны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед яригдаж буй асуудалтай холбогдуулан тус банкны Ерөнхий зохицуулалтын газрын захирал П.Баасанбямба-аас тодруулга авсныг хүргэж байна.

.

  1. 1. Капитал банк ажиллагсаддаа ямар шалтгаанаар орон сууцны зээл олгосон бэ?

Капитал банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  өөрийн ажилтан, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцлөөр хангах өөрөөр хэлбэл ажиллагсад маань дулаан тухтай, цэвэр орчин нөхцөлд амьдарснаар эрүүл мэндийн хувьд, ар гэрийн уур амьсгалын хувьд, санаа сэтгэлийн хувьд тайван, сэтгэл хангалуун байх тэгснээрээ ажилдаа тогтвортой ажиллах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор  нийт 80 гаруй ажилтнуудад  орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгосон. Хөнгөлөлттэй гэдэг нь урьдчилгаа төлбөрийг банкнаас 100 хувь төлж, сарын 0,8/1,2 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаатай олгосон. 1-ээс 3 өрөө байрнуудыг 1 м2-ыг 1 300 000 төгрөгөөр бодож олгосон. Тухайн үед орон сууцны 1 м2-ын үнэ 1 300 000 төгрөгөөс өндөр үнэтэй байсан бөгөөд зөрүү 1.2 тэрбум төгрөгийг банк барилгын компанид ажиллагсдынхаа өмнөөс төлсөн. Үүнд манай ажиллагсад, тэдний гэр бүл, аав ээж, ах дүүс нь маш их талархалтай байгаа. Түүнийгээ ч илэрхийлдэг. Бид ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг ингэж шийдэж чадсандаа туйлын баяртай байгаа. Цаашид ч нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч ажиллах болно. Өнөөдөр бид уг зээлүүдийг жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд шилжүүлсэн.

:

  1. 2. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Капитал банк”-ны орон сууцны зээлийн талаар таагүй мэдээлэл яваад байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

Банкинд ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн 2 ажилтан хувийн сонирхлын үүднээс сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйлийг удаа дараа  ярьж нийтэд буруу, зөрүү ойлголтыг өгч байна. Банкны зүгээс уг мэдээллүүдэд худал, буруу зүйлс их яригдаж байгаа ч хүлээцтэй хандаж байлаа. Харамсалтай нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэгч, уншигчдыг татах, бүр ашиг олох зорилгодоо дээрх 2 ажилтны зүгээс өгсөн мэдээллийг ашиглаж, өлгөн авч нийтэд цацаж байна. Энэ нь үнэн чанартаа ажил олгогч ажилтан 2-ын хоорондын асуудал боловч харилцагчид, олон нийт банкны бизнесийн үйл ажиллагаатай холбож ойлгох талтай тул  бид шүүхийн шийдвэр гарахаас өмнө энэ тайлбарыг өгөхөөс өөр аргагүй байдалд орлоо.

:

  1. 3. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал сөхөгдөж байна. Үнэхээр гадуур яригдаж байгаа шиг асуудал байгаа юу?

Шинээр орж буй ажилтанг тухайн ажил дээрээ дадлагажих, суралцах, тогтвор суурьшилтай ажилласнаараа нийгэмд өөрийн гэсэн тодорхой хэмжээний байр суурьтай болж, ахиж дэвших нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Шинээр ажилд орсон ажилтан 2-3 жилийн хугацаанд гэр бүл төлөвлөлт, ирээдүйн төлөвлөгөөгөө нарийн тооцоолсон байх бөгөөд ажлын зайлшгүй шаардлага, ажлын байрны онцлогоос шалтгаалан энэ хугацаанд 1 сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй байх үүрэгтэй.”  гэсэн заалтыг оруулж өгсөн. Эрүүл мэндийн талаас ч авч үзсэн банкны ажил маш их анхаарал шаардсан хүнд ажил, залуу хүүхдүүд өдрийн 8 цаг компютерийн өмнө сууж байгаа, гэтэл жирэмсэн болоход компютер урагт тодорхой хэмжээгээр хортой. Тийм учраас бид шинээр ажилд орж байгаа ажиллагсадаас 2-3 жил тогтвортой ажиллах боломжтой эсэх, манай банкны дээрх гэрээний заалт тухайн хувь хүний ирээдүйн төлөвлөгөө зорилттой нийцэж байгаа эсэхийг нь ярилцаад өөрөөс нь асуугаад, өөрөө ажиллах хүсэлтэй төлөвлөгөө зорилготой нь нийцэж байгаа гэж зөвшөөрсөн тохиолдолд гэрээг хийдэг. Хэнийг ч албадах юмуу хэн нэгэн хүний хувийн амьдрал төлөвлөгөөг үл ойшоож зөрчсөн юм байхгүй.

.

Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан шиг тэгэж банкны зүгээс аливаа нэг ажилтныг ажлаас халж чөлөөлсөн тохиолдол байхгүй. Ажилтнуудаас  1 /нэг/ жилийн үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогчид эгүүлэн төлсөн, төлөхийг шаардсан ч тохиолдол байхгүй.

:

  1. 4. Танай банкинд ажиллаж байгаад гарсан 2 ажилтны хувьд ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байсан уу? Ямар шалтгаанаар гарсан бэ?

“Төмөрбаатар овогтой Ганчимэг нь 2011/02/14-нд анх мэргэжилтнээр ажилд орсон. Дөнгөж сургууль төгссөн дадлага туршлагагүй ажилтныг сургах, дадлагажуулах байдлаар бид түүнд ихээхэн хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөн л ажилтнаа хөгжиж дэвших боломж, хүсэж сонирхсон албан тушаалд нь томилж сэтгэл хангалуун байдлыг нь хангах үүднээс ЕЗГ-т хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн ажиллуулсан боловч тухайн ажлын байранд тэнцэхгүй учир албан тушаал буурч хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаад 2013.02.28-нд ажлаас чөлөөлөгдсөн. Шагнагдаж байгаагүй. Шийтгэлийн хувьд 2012.12.06-нд хариуцаж буй ажилдаа хангалтгүй үнэлгээ авсан тул албан тушаал буруулах арга хэмжээ авагдаж байсан. Тухайн хугацаанд хэд хэдэн удаагийн сургалтад банкны зардлаар хамруулах, Хөнгөлөлттэй хэрэглээний болон орон сууцны зээл олгох гэх мэтээр банк бүх л талаар дэмжин ажиллаж байсан. Харин энэ хүний хувьд ажиллагсадтай зүй бус харьцдаг, дарамталдаг, хувийн сонирхлоор ажиллагсдыг ялгаварлан харьцаж байгаа талаарх хэд хэдэн  гомдол ирж, банкнаас зохиосон олон нийтийн арга хэмжээн дээр архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн зэргээр ёс зүйгүй, зөрчил дутагдлууд гаргаж банкны зүгээс ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах сануулгыг удаа дараа авч байсан.

.

Бусад олон ажилтан энэ талаар гомдол гарган амаар ярьж байсан, түүний зохисгүй харьцаа, ёс зүйгүй байдлаас болж ажлаас гарсан ажилтан ч байдаг юм. Т.Ганчимэг тухай бүр засарна, ажлаа сайжруулна, алдаа дутагдлаа давтахгүй ажиллана гэх мэтээр амлалт өгч ажиллаж байсан. Гэтэл ажил нь сайжрахгүй, алдаа дутагдал давтагдсан тул ажлаас чөлөөлөх тухай яригдаж эхлэх үед өөрөө өргөдөл, хүсэлтээ гарган ажлаас чөлөөлөгдсөн ажилтан. Журмын дагуу байраа өгөх болохоор одоо янз бүрийн худал, баримтгүй зүйл ярьж буй нь бүр ч ёс зүйгүй, хүн чанаргүй, ялангуяа хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо Банкны холбооны сургалтын чиглэлийн ажил хариуцан ажиллаж байгаа хүний хувьд үнэхээр зохисгүй, байж боломгүй асуудал гаргаж байгаад харамсаж, гайхаж байна. Үнэндээ өөрийг нь ичээсэй ч гэж хааяа бодогдож байна.

.

Ганбаатарын Ойдовын хувьд теллерээс нь эхлээд бид аль болох зааж сурган, дэмжиж салбарын захирал хүртэл дэвшүүлэн ажиллуулж байсан. Бас л банкны зардлаар олон ч сургалтад хамруулсан. Сануулах шийтгэл – 1 удаа, цалингийн хэмжээг бууруулах шийтгэл 3 удаа авагдаж байсан. Ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, давхар болон дараалсан хяналт алдсан, хяналт тавиагүй, хамт олноо удирдлагаар хангаагүй, ХШХ-ээс хийсэн шалгалтад удаа дараа хангалтгүй дүн үзүүлсэн, ажилтандаа бусдад мөнгө завших боломж олгоход хяналт тавьж таслан зогсоогоогүй зөрчил дутагдлууд удаа дараа гаргаж байсны улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Ер нь өнөөдөр банк гэлтгүй бүх л ажил олгогчдын хамгийн хүнд асуудал тогтвор суурьшилтай боловсон хүчин болоод байгааг бүгд ярьдаг. Тийм ч учраас зарим тохиолдолд бид ажиллагсдын зарим дутагдлыг харилцагч, түншүүдэд маань ноцтой хохиролгүй бол өөрт нь анхааруулж ойлгуулаад, боломж олгоод аль болохоор л дэвшүүлж хөгжүүлээд үлдээхийг зорьдог юм.

.

Г.Ойдов ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө болон дараа банкны харилцагчийн нууцыг задруулсан мэдээллийг хэвлэл мэдээллээр цацсан, банкны санхүүгийн үзүүлэлт, зохист харьцааны талаар үндэслэлгүй, худал мэдээллийг өгсөн. Харилцагч чанаргүй зээлтэй байсан мэт харилцагчийн нэр хүндэд халдаж зах зээл дээр тухайн бизнес эрхлэгчийн талаар худал мэдээлэл тараасан.

.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудалд тодруулга тайлбар өгсөн явдалд баярлалаа. Таны хувьд нэмж хэлэх зүйл байна уу?

Эцэст нь уг асуудал банкны хадгаламж зээлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудал биш ажил олгогч ажилтан 2-ын хоорондын асуудал, харилцагч болон ард иргэд үүнийг ялгаж салгаж ойлгохыг хүсэж байна. Бид шүүхийн шийдвэр гарсны дараа эргэж мэдээллэх болно. Цаашид дээрх 2 ажилтантай холбоотой банкны харилцагчийн нууцыг задруулсан, харилцагчийн болон банкны нэр хүндэд халдсан болон бусад асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх болно. Ийм байдалд хүргэсэнд уг 2 ажилтны хувьд харамсалтай байна, уг асуудлыг нийтэд мэдээллэхдээ зөвхөн нэг талыг барьж нийгэмд бухимдал төрүүлж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд ч харамсалтай байна, хойшид тэнцвэртэй үнэн зөв, баримт нотолгоотой, мэргэжлийн түвшний бодит судалгаатай мэдээллийг цацаж байгаасай гэж хүсч байна.

:

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин