150 гаруй залуусыг цагийн ажилтай болгожээ
2013-11-12

Манай улс цагийн ажлын системд дөнгөж хөл тавьж байгаа “балчир нас”-ны хүүхэд л гэсэн үг. Цагийн ажилд орохыг хүссэн, авахыг хүссэн эрэлт нийлүүлэлт их байдаг ч тэднийг холбож өгөх ажил дутагддаг. Тиймээс МЗХ өнгөрсөн зунаас дэргэдээ “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийг байгуулж ажил хайгч залуус, ажил олгогч эздийн гүүр болж буй. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яамтай хамтраад “Ажилтай орлоготой, Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлээд 2 сарын хугацаанд 3000 гаруй залуусыг ажилд зуучлан ажилтай орлоготой болгож байсан.

аө

Энэ хөтөлбөр нь 2016 он хүртэл үргэлжлэх ба энэ хугацаандаа 150 мянга гаруй ажлын шинэ байрыг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн бирж”-ийн хамт олон “Цагийн ажил” аяныг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд өмнө нь бүртгэлтэй байсан залуусыг хамруулаад нийт 150 гаруй залуусыг цагийн ажилтай болгосон байна. Энэхүү аяны гол онцлог нь ажил олгогч эзэд болон, ажил хайгч залуусыг хооронд нь уулзуулж аль алинд нь сонгох боломжийг нээж өгсөнөөрөө давуу талтай. Мөн харилцан санал солилцож хамтран ажиллахад ямар бэрхшээл тулгардаг талаараа илэн далангүй ярилцсан бөгөөд ажил олгогчдын зүгээс “Цагийн ажил хайж ирсэн оюутан залуус ажилдаа сэтгэл гаргадгүйгээс гадна, ажлын бүтээмж муу байдаг” гэсэн бол оюутан залуус “Өмнө нь цагийн ажлын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй, ажиллах орчин муу, ажилтан гэдэг утгаар биш зарц шиг харьцдаг, хөдөлмөрийн хуулиас гадуур ханддаг байсан” хэмээн өгүүлдэг аж.

бы

Ямартай ч Монголын залуучуудын холбооноос хариуцан ажлуулдаг “Цагийн ажил” аян үргэлжилж байгаа ба цагийн ажил сонирхсон хэн бүхэн ажилд зуучлуулах бүрэн боломжтой гэнэ. Тухайлбал, одоогоор англи хэлний багш, балетийн багш, дуудлагын цэвэрлэгээ, ачигч, барилгын туслах, сурталчилгааны ажилтан, билет борлуулагч, зөөгч, үйлчлэгч, хаалгач, бүжгийн багш зэрэг ажлын байрнууд нээлттэй байгаа ажээ.

Дашрамд дуулгахад, ажил хайж байгаа иргэд, залуус оффисын ажлыг илүүтэй сонирхдог бол ажил олгогчдын зүгээс зөөгч, хамгаалагч, үйлчлэгч, худалдагч гэх зэрэг үйлчилгээний ажилтан сонирхож байгаа юм байна.

өы П.Наран

Shuud.mn
Сонин хачин