“Татварын шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2013-11-19

Сангийн яам, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг хамтран “Татварын шинэчлэл” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Татварын хоёрдугаар үе шатны шинэчлэлээр хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, далд эдийн засгийг бууруулах, татварын үйлчилгээг цахимжуулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох юм.

1990 оноос хойш 101 төрлийн татварын хууль баталсан байдгийн 55 нь одоо хэрэгжиж байгаа. Нэг утга санаа бүхий давхардсан хуулиудыг нэгтгэж, татварын таатай орчин бий болгох боломжийг судалж байгаа гэнэ. Өнөөгийн татварын орчин муугаас маргаан маш ихээр гардаг байсан. 2008 оноос хойш 726 гаруй тэрбум төгрөгийн татварын маргаан гарсан байна. Харин энэ шинэчлэл хийгдсэнээр ямар өөрчлөлт гарах тухай Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Э.Батбаяраас тодрууллаа.

.

Э.Батбаяр: Далд эдийн засгийг багасгана

.

-Татварын шинэчлэл зайлшгүй хийх шаардлага юу байв?

-Татварын  шинэчлэл хийнэ гэхээр сөрөг мэдээлэл нийгэмд их гарсан. Татварын шинэчлэлээр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бизнес эрхлэхэд таатай орчинг бүрдүүлж, энгийн ойлгомжтой татварын тогтолцоог бий болгоё гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэн, бизнес эрхлэгч гээд бүх татвар төлөгчдөд таатай орчинг үүсгэж, татвараар дарамтлахаа болих. Мөн мэдлэггүйгээсээ болоод татварын өндөр эрсдэлд орж хариуцлага хүлээдэг байдлыг арилгах үүднээс татварын шинэчлэл хийгдэж байна.

:

-Татварын шинэчлэлд  татвар төлөгчдийн саналыг хэр тусгаж байна?

-Өинө олон нийттэй хэлэлцүүлэг хийхгүйгээр татварын хуулиудыг баталдаг байсан. Энэ удаа татварын бодлого боловсруулж байгаа байгууллага болох Засгийн газар, Татварын ерөнхий газар, Татварын мэргэшсэн байгууллага, татвар төлөгч, их дээд сургуулиудтайгаа хамтраад шинэчлэлийг хийж байна. Татвар төлөгчдөөс маш олон саналууд ирсэн. Дийлэнх нь татварын хууль давхардсан, хариуцлагын систем ойлгомжгүй байгааг шинэчлэлээр шийдэе гэж байна. Татварын хувь хэмжээ өндөр, татварын дарамт их байна гэсэн гомдол харьцангуй бага байна.

:

-Энэ хуулиар далд эдийн засгийг ямар аргаар бууруулах вэ?

-Манайх дандаа бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийж байгаа. Энэ тохиолдолд далд эдийн засаг харьцангуй өндөр болчихдог. Татвар төлөгчидтэй хамтраад далд эдийн засгийг бууруулах тухай ярилцаж байна. Монгол улсын иргэд бүгд татвар төлөгч. Татвар төлөгч иргэд маань Монгол улсад татвараа төлдөг. Энэ татварыг нь суутгаж авж байгаа хүмүүс орлогоо нуух, зардлаа нэмэгдүүлэх байдлаар өөртөө ашигтай байдлыг бий болгодог. Үүнийг багасгана. Бүртгэл тооцооллын системийг илүү сайжруулна. Тийм болохоор санаатай болон санамсаргүйгээр татвараа төлөөгүйгээс хариуцлагад унадаг механизмыг зогсооё. Татвар төлөгчдийн тусламжтай далд эдийн засгийг харьцангүй багасгана.

.

-Ингээд ярихаар татварын байцаагчдын хариуцлага, ёс зүйн асуудал бас яригдана шүү дээ?

-Аливаа зүйл хоёр талтай. Сая НӨАТ хуулийг зөрчсөн томоохон зөрчил гарсан. Татвар төлөгч, татварын байцаагчийн аль аль нь зөрчил гарсан. Бид татвар төлөгчдөө татварын хуулийг дээдэлсэн, мэдлэгтэй чадвартай татварын байцаагчдыг бий болгохоор ажиллаж байна.

.

Ц.Зол

Shuud.mn
Сонин хачин