“Нээлттэй засгийн түншлэлийн үндэсний төлөвлөгөө”-г хэрэгжүүлнэ
2013-11-23

Олон улсын нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс өнгөрсөн 10 дугаар сарын 12-нд нэгдсэн. Энэ хүрээнд Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтран хэрэгжүүлэх “Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-г өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцээд дэмжиж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх болон зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэгт даалгалаа.

Үндэсний төлөвлөгөөнд төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг бэхжүүлэх, авлигыг бууруулах гэсэн 3 үндсэн чиглэлээр 11 зорилго дэвшүүлэн 30 орчим үйл ажиллагааг төлөвлөжээ. Үүнд, “Шилэн данс”, “Шилэн тендер”-ийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэг багтсан байна.

Ирэх оны 6 дугаар сараас төлөвлөгөөг хэрэгжүүлэх бөгөөд хоёр жил тутамд Олон улсын нээлттэй засгийн түншлэлд эргэн тайлагнах ажээ.

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин