Украйнд эсэргүүцлийн жагсаал болов
2013-11-25

Украйны “Стан” шоронд хоригдож байгаа Юлия Тимошенког гадаадад эмчлүүлэхээс татгалзсан, Европын холбоотой байгуулах гэрээг хойшлуулсан зэрэг асуудлаас болж нийслэл Киев хотод 100 мянга гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал хийж буй талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Киев хотын цагдаагийн дарга “Тус жагсаал 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон “Улбар шар хувьсгал”-аас хойшхи хамгийн том эсэргүүцлийн жагсаал боллоо. Жагсагчид Засгийн газрын ордны баруун хэсгийг бүсэлж, цагдаагийнхан бүслэлтийг тараахын тулд нулимс асгаруулагч хийгээр буудсан” гэжээ.

Цагдаа нарын мэдээллээр жагсагчид Засгийн газрын ордноос хэнийг ч гаргахгүй, оруулахгүй байсан бөгөөд хэсэг иргэн Сайд нарын ордон руу нэвтрэхийг завдаж, төрийн тусгай хамгаалалтынхан руу гранат шидэж, нэлээд зүйлсийг эвдэлж гэмтээсэн байна.

Жагсаалд нэгдэхээр гэр бүлээрээ ирсэн хүмүүс олон байсан бөгөөд тэд “Бид Европт амьдармаар байна, Украйн бол Европын нэг хэсэг. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйд Оросын дарамт шахалтыг мэдрүүлмээргүй байна” хэмээн орилолдож байжээ. Энэхүү жагсаалд сөрөг хүчний улстөрчид мөн нэгдсэн нь байдлыг улам хурцатгасан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин