Зүүн бүсийн залуусын чуулга уулзалт боллоо
2011-12-01

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооноос зарласан “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Монгол залуу хүн-2020” Ардчилсан Залуучуудын Холбооны зүүн бүсийн чуулга уулзалт  Дорнод аймагт амжилттай болж өнгөрсөн байна. “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн үндсэн чиглэлд бүс нутгийн залуучуудын дуу хоолой, санал, санаачлагуудыг тусгах, улмаар монгол залуу хүний 2020 онд хүрсэн байх хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор зохион байгуулсан тус чуулга уулзалтанд АЗХ-ны Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн салбар байгууллагуудын төлөөлөл болсон 200 орчим залуучууд оролцсон бөгөөд урилгаар АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн, Монголын мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Отгонбат, АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нарийн бичгийн дарга Б.Мишээл, Дорнод аймгийн АЗХ-ны дарга П.Болдсайхан, Сүхбаатар аймгийн АЗХ-ны дэд дарга Б.Батбаатар болон Дорнод аймгийн Ардчилсан намын удирдлага, ҮЗХ-ны гишүүд оролцсон юм. “Нутагтаа сайхан амьдаръя” уриан дор зохион байгуулагдсан тус чуулга уулзалтын үеэр залуучууд “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн таван зорилтын чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монголын залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарцын талаар болон монгол залуу хүний хөгжлийн талаар залуучуудаас ихээхэн бодитой санал, санаачлагууд гарч байсныг “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрт тусган ажиллах ажээ. Мөн энэ үеэр зүүн бүсийн шилдэг илтгэгч шалгаруулах илтгэлийн уралдааныг “Амьдралын боловсролтой монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас, чадвартай монгол залуу хүн”, “Авлигагүй монгол залуу хүн” гэсэн сэдвүүдээр зохион байгуулсан байна.    
Shuud.mn
Сонин хачин