"UB art fair" үзэсгэлэнгийн нээлт болно
2013-11-29

Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 12.00 цагт “Blue Mon” уран зургийн галлерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан 5 дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой байдаг билээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, Дизайн парк ТББ-тай хамтран зохион байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар төлөвлөжээ. Уг үзэсгэлэн ирэх сарын 01 хүртэл үргэлжлэх юм.
Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээгдэхэд 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалийн бүтээл тавигдаж байсан бөгөөд 100 гаруй бүтээл худалдаалж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан. Харин 2012 оны үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид хүрэлцэн ирж байжээ.
Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин