Хадны бичээсийн дардас, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
2013-12-11

ССАЖЯ-ны Соёл, урлаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр хадны сийлмэл үсэг, бичиг, тамга тэмдэгийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан, эдгээр дурсгалын шинэчилсэн тоо баримт бий болгох, судалгаа хийх зорилгоор  “Чулуун судар - Соёлын өв” төсөл хэрэгжиж байгаа билээ.

Энэхүү төслийн 2013 оны бичээс судлал, дардас авах хээрийн шинжилгээний ангийн ажлын тусгай үзэсгэлэн өнөөдөр Үндэсний номын сангийн уншлагын танхимд нээлтээ хийлээ.  Төслийн баг 2013 оны наймдугаар сард есөн аймагт 8000 орчим км зам туулж хийсэн хайгуул судалгааныхаа үр дүнд нийтдээ руни, худам монгол, тод монгол, ланз, түвд, хятад, уйгур, согд, тамга тэмдэг зэрэг есөн төрлийн 30 гаруй бичээсийн сийлмэлийнх нь дардас авч, бэхнийх нь гэрэл зургийг авчээ. Үүний дотор өмнө нь эрдэм шинжилгээний эргэлтэд ороогүй шинэ руни, ланз, тод, хятад зэрэг бичээс цөөнгүй байгаа аж.

Мөн замд байх буган хөшөө, хүн чулуун хөшөөний зургийг авч солбицолыг тогтоосноос арав гаруй нь урьд өмнө судлагдаагүй хөшөө байжээ. Уг судалгааны үеэр Ховд аймгийн Өвөр дөрөлжийн руни бичээст чулуу, Баян-Өлгий аймгийн Олон нуурын руни бичигт хөшөө, Ховдын Шар сүмийн гэрэлт хөшөө зэргийг хайсан ч олдоогүй байна.

Төслийн багийн ахлагч, судлаач Го.Аким “Бичиг гэдэг аливаа улсын соёлын хэмжүүр даруй мөн. Манай өвгө дээдэс монгол, дөрвөлжин, соёмбо, тод, вагиндра гээд лав л бардаагаар таван бичиг хэрэглэж байсныг бид мэднэ. Гэтэл Монгол нутгийн хад, хөшөөнд руни хэмээхээс аваад ланз, түвд хүртэл, тэр ч бай хятад, согд хүртэл бичгийн дурсгал хадгалагдан үлдсэн байдаг билээ. Эдгээр эртний бичиг үсгийн дурсгалууд нь хүний зохисгүй үйл ажиллагааны уршгаар хийгээд байгалийн нар, салхи, ус борооны нөлөөгөөр эвдэрч гэмтэх, үрэгдэх аюул нүүрлэн байгаа энэ үед энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа нь маш чухал ажил боллоо. Ингэснээр эдгээр бичгийг судалж, хуулбар дардас, гэрэл зургийг аван өнөө үеийн байдлаар нь одоогийн мэргэдийн анхааралд толилуулах, хойч үедээ үлдээж чадахаар боллоо” гэж хэлсэн.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин