“Hero&Cool” шинэ жилийн цэнгүүнээр 500 хүүхдийг баярлууллаа
2013-12-18

Шинэ жилийн уур амьсгал хаа сайгүй орж, олон нийтийг хамарсан шинэ жилийн үдэшлэг, цэнгүүн зохиогдож байгаа ч нийслэлийн алслагдсан гэр хороололд амьдардаг хүүхдүүд тэр болгон хамрагдаж чаддаггүй. Тэгвэл Чингэлтэй дүүргийн захын гэр хороололд амьдардаг 500 гаруй хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” хэмээх шинэ жилийн баяр өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад боллоо.

 ds

Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин А Cool буюу Д.Анхбаяр нар зохион байгуулсан байна. Мөн Монголын сурагчдын холбоо, Монголын лектор төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцсон байна.  Тэдний хувьд энэхүү арга хэмжээг зохион байгуулж, олон хүүхдийг баярлуулж байгаа нь хүүхдүүдийг ирээдүйдээ итгэлтэй болоход нь дэм болж буйгаараа онцлог гэдгийг онцолж байсан юм. Түүнчлэн дуучин хүн дуулах бус нийгмийн хариуцлагыг ухамсарлаж, хойч ирээдүйдээ үлгэр дуурайл үзүүлэх үүднээс энэ шинэ жилийн баярыг зохион байгуулж буйгаа дуучин  А Cool хэлж байлаа.

 f

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгээс дараахь асуултад хариулт авлаа.

 sa

-“Hero&Cool” шинэ жилийг анх удаа зохион байгуулж байна. Энэ шинэ жилийн баярт ямар хүүхдүүдийг оролцуулж байгаа юм бэ?

-Шинэ жилийн баяр бол хүүхдүүдийн баяр байдаг. Хүүхэд болгон бэлэг авч, онц сурсанаа, амжилт гаргаснаа дүгнүүлэх дуртай байдаг. Гэтэл хотын захын хорооллын хүүхдүүд тэр дундаа Улаанбаатар хотын төвөөс хол байдаг гэр хорооллын хүүхдүүд шинэ жилийн үйл ажиллагаанд хамрагдаж амждаггүй юм байна. Тиймээс дуучин А Cool-тэй хамтраад хотын захын гэр хорооллын хүүхдүүдийг баярлуулъя, зөв үлгэрлэл үзүүлье,  цаашид хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд, дуучид, урлаг соёлынхон маань хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаасай гэсэндээ “Hero&Cool” шинэ жилийг зохион байгуулж байгаа юм. Үүнийг жил болгон зохион байгуулна. Энэ жилийн шинэ жилийн баярт маань Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд хамрагдаж байгаа юм.

d

-Жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэж байна. Үүнийг сонссон хүүхдүүд ч маш их баярлаж байна. Зөвхөн Чингэлтэй дүүргийн хүүхдүүдийг хамруулах уу, эсвэл бусад дүүргийн хүүхдүүдийг оролцуулах уу?

-Тийм ээ, жил болгон зохион байгуулна. Цаашид Сонгинохайрхан, Сүхбаатар, Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн төвөөс алслагдсан бүх хороодын хүүхдүүдийг хамруулсан шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулна. Ингэхдээ тухайн дүүрэг бүрт нь зохион байгуулахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ер нь, хүүхэд бүрийн төлөө, хүүхдийн мөрөөдөл бүрийг хайрлахын төлөө  “Hero&Cool” шинэ жилийг байгуулна. Цаашлаад 21 аймгийн “Hero&Cool” шинэ жилийг ч зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.

fs

. П.Наран
Shuud.mn
Сонин хачин