10 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
2013-12-20

ШӨХТГ-ын Зар сурталчилгааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч  Д.Лхагвасүрэн, УСУГ-ын дарга Х.Үнэн, Усны төв лабораторын эрхлэгч Б.Урнаа нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-т “Жем Хужирт” ХХК, “АПУ” ХХК зэрэг аж ахуйн нэгжээс “Штиммэ Лэбэнс” болон Цолмон-Ус” ХХК-иуд нь ОХУ-ын “Фаворит” компаниас импортлон оруулж ирсэн “Stimme Lebens” нэрийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг айл өрхүүдээр явж борлуулахдаа тэдний бүтээгдэхүүний нэр хүндэд илтээр нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлт тавьжээ. Энэхүү хүсэлтийн дагуу шалгахад дээрх компаниудын “Stimme Lebens” ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн сурталчилгаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг тус тус зөрчсөн нь тогтоогджээ.

Тиймээс энэ компаниудад Өрсөлдөөний тухай хуулийн дагуу тус бүр арван сая төгрөгийн торгуулийн ногдуулж, зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Дээрх компанийн ажилчид нь айлууд болон албан газраар явж өөрийн бүтээгдэхүүнээ сурталчлахдаа цэвэр болон крантны усыг төхөөрөмжөөр цэвэршүүлсэн устай харьцуулан харуулдаг байна. Ингэхдээ “Хужирт” цэвэр усыг мөөгөнцэртэй, энэхүү усыг байгалийн хөрснөөс гаргаж авч байгаа учир эрдэс, бохирдол ихтэй, зориулалтын бус савлагаатай хэмээн танилцуулдаг аж. Мөн үүнийг хэрэглэвэл бөөрний чулуужилт, элэгний хатуурал өвчинтэй болно гэж иргэд, олон нийтийн сэтгэл санаагаар “тоглодог” байна.

Энэхүү бүтээгдэхүүний сурталчилгааг сүүлийн нэг сарын турш маш эрчимтэй хийж байгаа ба үүнтэй холбоотой гомдол саналууд  УСУГ-т ихээр ирэх болжээ. Энэ тухай УСУГ-ын Усны төв лабораторын эрхлэгч Б.Урнаагаас тодрууллаа.

-Шүүлтүүрийг ямар тохиолдолд хэрэглэх ёстой байдаг юм бэ. Байнга шүүсэн ус ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Савласан болон крантны ус шаардлага хангахгүй байна гээд өөрсдийн шүүсэн усаа бариад айлуудаар явж байгаа энэ хүмүүс ард иргэдэд худал мэдээлэл өгч, бүтээгдэхүүнээ сурталчилснаар тэдэнд айдас төрүүлж, манайд хандах гомдол саналын тоо илт ихэслээ. Ер нь бол шүүлтүүрийг тухайн ус ямар нэг стандартын шаардлага хангаагүй тохиолдолд үүнийг шаардлагад нийцүүлэхийн тулд хэрэглэх ёстой байдаг. Тэгэхээр хэн нэгэн хүн гэр албан байгуулага дээр очоод энэ савласан, крантны ус шаардлагад тэнцэхгүй байна гэвэл итгэх хэрэггүй гэдгийг олон нийтэд хэлмээр байна. Хэрэглэж байгаа усандаа итгэхгүй байгаа бол эхний ээлжинд мэргэжлийн байгуулагын лабораторт хандаж, шалгуул. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй лабораториуд ундны усны шинжилгээг хангалттай хийдэг. Энэхүү зөөврийн багажинд  бол зөвхөн нэг үзүүлэлтийг гаргаж ирж байгаа. Уг багаж нь усанд байгаа эрдсүүдийг эерэг сөрөг цэнэгээр нь ялгаад харуулчиж байгаа болохоор үүнийг шууд бохирдол гэж ойлгож болохгүй. Тухайн усан дахь хамаг эрдсүүдийг шүүгээд авчихсан учир шүүсэн усан дээр гарч ирэхгүй. Нэрмэл буюу эрдэсгүй усыг уухаар эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. Усны бүх үзүүлэлт заасан хэмжээтэй түүн дотроо эрүүл мэндэд зохистой түвшин гэж тусдаа байгаа.

-Бидний ууж байгаа крантны ус бохирдолгүй байж чаддаг уу?

-Өнөөдөр та бүхний ууж байгаа крантны ус бол Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын хэмжээнд байгаа. Хэт цэвэршүүлсэн ус тийм сайн биш ямар ч гэсэн эрдэсгүй ус уугаад байвал эрдсийн дутагдалд орно гэдгийг хүн болгон ойлгох хэрэгтэй. Энэ багажаар үзээд байгаа “TDS” үзүүлэлт бол усанд ууссан байгаа эрсдийн хэмжээг харуулдаг. Тэгэхээр энэ эрсдийн хэмжээ бол манай крантны усанд 40 гаруй, 50 гаруй хэмжээтэй гардаг. Эрдсийн хэмжээ 300-аас доош байгаа тохиолдолд маш сайн ус гэж үздэг. Хужирт усны хувьд эрдэсжүүлсэн усны стандарт гэж тусдаа байдаг. Эхний ээлжид баталгаагаа шалгуулаад шаардлагатай гэвэл шүүлтүүр хэрэглэж болно. Харин бусдын худал үгэнд итгээд наад тал нь эдийн засаг, цаашилбал эрүүл мэнддээ сөрөг сонголт хийсний хэрэггүй. Манай лаборатори Улаанбатар хотын иргэдийн ундны усыг өдөр тутам хянадаг. Энэ ус Туул голын сав дагуух 170 гаруй гүний худгаас 24 цагийн турш тасралтгүй олборлогдож, манайхаас халдваргүйжүүлэлт хийгддэг. Бидний ууж байгаа ус маш зөөлөн ангилалд хамаарагддаг.

Харин “Цолмон ус” ХХК-ны ахлах менежер н.Мөнхжаргал гэх эмэгтэй “Манай байгууллага сурталчилгаа хийж айлуудаар явахдаа цэвэр уснуудтай харьцуулалт хийгээгүй. Зөвхөн крантны устай харьцуулдаг. Энэ бол худал мэдээлэл” гэж байсан. Тус компани нь энэ онд байгуулагдсан. Импортлон оруулж ирдэг “Stimme Lebens” ус цэвэршүүлэх төхөөрөмж нь 1.8 сая төгрөгийн өртөгтэй аж.

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголд монопол ноёрхох нээ, суртачилгаа бол суртачилгаа ш дээ, хэрэв чанартай сайн бол яагаад болохгуй гэж.
2014-01-14
zochi :
shathuun tugeedeg kampaniudaas tavisan torguulaa avch chadahgui bolohoor ene baiguullagad humuus itgehgui baina
2013-12-20
zochi :
shathuun tugeedeg kampaniudaas tavisan torguulaa avch chadahgui bolohoor ene baiguullagad humuus itgehgui baina
2013-12-20
kkkkk:
ali iluuuu surtalchilgaa hiij chahdsan ni iluu borluulattai baih zah zeeliin huuli bgaashdeeee
2013-12-20