Ерөнхийлөгч үүрэг болголоо
2011-01-12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ дахь намын бүлгийн дарга нар,  зарим байнгын хороодын дарга нар, УИХ-ын гишүүд болон Эрдэс баялаг эрчим хүчний яам, Улаанбаатар хотын удирдлагуудтай нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлаар зөвлөлдлөө.

Уг зөвлөлдөх уулзалтаар, нийслэлийн утаа, агаарын бохирдлыг  багасгаж болох арга замууд, тэдгээрт шаардагдах хөрөнгө, техникийн шийдлийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд “ Өнөөдөр Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна. Олон жил энэ асуудлыг ярьж байгаа ч утааг багасгах талаар нийтэд мэдрэгдсэн үр дүн гарахгүй байна. Гамшгийн үед ярилцаж, төлөвлөж цаг алддаггүй харин авах арга хэмжээгээ шууд тодорхойлж үйл ажиллагаандаа ордог. Тийм учраас Их Хурал, Засгийн газар, яам агентлагууд, иргэд бүх нийтээрээ анхааран оролцож шийдэл гаргая” гэлээ. Тэрээр, хотын утаа, агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар тодорхой саналуудыг  хэлж, уулзалтад оролцогсодтой санал солилцож зөвлөлдсөн юм.

Яригдаж, санал дэвшүүлэгдсэн асуудлуудыг үндэслэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох хууль тогтоомжуудыг нэн яаралтай боловсруулж Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанд оруулахыг Ерөнхийлөгч холбогдох хүмүүст үүрэг болголоо.

А.Санчирмаа
Shuud.mn
Сонин хачин