С.Оюун: Туул голыг цэвэрлэнэ
2014-01-22

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан БОНХ-ийн сайд С.Оюун гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6

УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар:

-Уул уурхайн хөгжиж энэ үед байгаль орчноо эрсдлээс хамгаалах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Эдийн засаг уул уурхайгаар хөгжиж байна. Энэ хэрээр ажлын байр бий болж байгаа. Гэхдээ байгаль орчиндоо халтай байж болохгүй. Ногоон хөгжил, эдийн засаг гэж яриад байгаа асуудал бол нөгөөгөө үгүйсгэн зогсоогоод байх асуудал биш юм.  Монгол Улс хөгжихдөө байгаль орчиндоо ээлтэй, зохицож, уян хатан хөгжинө гэсэн санаа. Экологийн хувьд чухал газар нутгийг тодорхойлоод, төлөвлөлтөө сайн хийгээд явбал аль алиндаа халгүй байна. Экологийн хувьд зүүн бүс, говийн гурван аймаг дээр судалгаа хийгдсэн байгаа. Энэ онд баруун бүсэд судалгаа хийнэ.   БХБЯ, ЭЗХЯ, БОНХЯ гэсэн гурван яамны сайдын тушаалаар хийгдэж байгаа ажил.  Эхлээд ан амьтан, ургамлын хувьд аль аль газрууд хэрэгтэй вэ гэдгийг гаргая. Ингэхгүй бол Урт нэртэй хууль шиг эхлээд зөвшөөрлийг нь олгочихоод дараа нь болохгүй юм байна буцаая гэдгээ больё. Тиймээс экологийн зураглалаа гаргахыг Засгийн газар баримталж байгаа. Улсын тусгай хамгаалалтад авсан нөөцлөгдсөн талбай 17,4 хувь. 1994 оноос энэ хуулийг хэрэгжүүлсэн юм билээ.   Үйлдвэрлэл дээр усаа хэмнэнэ, дахин ашиглана, гадаргын усыг хуримтлуулах чиглэлийг Ерөнхий сайдаас өгсөн. Тийм учраас Туул гол дээр усан сан байгуулах асуудал яригдаж байна.  Улаанбаатар хотын усны нөөцийг хангах зорилгоор Туул гол дээр гадаргын усыг хуримтлуулаад усан сан бий болгох, ашиглах нь чухал гэж үзэж байгаа. Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц байгуулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийнэ. Дээр нь Усны төлбөрийн журам Засгийн газар баталсан.  Үйлдвэрлэлийн усны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Дахин эргэлтэд оруулбал тэр хэрээрээ хэмнэгдэнэ гэсэн зарчимтай. Говийн ус хойд бүсийн уснаас арай үнэтэй. Гүний ус, гадаргын уснаас үнэтэйгээр журамд  батлагдсан. Манай усны нөөцийн 80 хувь нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд талын дөрөвний нэгд байдаг учраас өөр өөр индексүүд тавигдсан.

5

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Улсын хэмжээнд нийтдээ 360 гаруй хөтөлбөр төсөл хэрэгжиж байна гэсэн статистик мэдээлэл байна. Харамсалтай нь ихэнх хөтөлбөрүүд хэрэгжих санхүү эдийн засгийн бололцоогүй батлагдаад явж иржээ. Тийм учраас УИХ-аас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтоол баталж байгаа нь сайн хэрэг юм. Одоо мөрдөж байгаа бодлогын баримт бичгүүдийн уялдаа холбоо ямар байдаг вэ? Усны хөтөлбөр гэхэд усыг мэддэггүй салбар нэг ч байхгүй. Ус ашиглагч, хэрэглэгчид хөтөлбөрийг огт анхаарахгүй орхиж байна. Тийм учраас хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, уялдаа холбоо ямар байна вэ?

-БОНХЯ-ыг шинэ Засгийн газар ерөнхий чиг үүргийн яам болгосон гол санаа нь дэлхий нийтийн хандлагыг дагасан. Дэлхий нийт байгаль орчиндоо ээлтэй хөгжих хандлагыг барьж байгаа. Тийм учраас салбарууд байгаль орчныхоо бодлогод захирагдаад, хянагдаад явах, уялдаа холбоог нь сайжруулах гэсэн санаа юм. Усны хөтөлбөр 2010 онд батлагдаад 2012 онд Усны тухай хууль батлагдахдаа хуулиндаа хөтөлбөрийг сайн суулгаж өгсөн. Усны үндэсний хороог Ерөнхий сайдын дэргэд харъяалуулсан. Усны хөтөлбөрийн хэрэгжилт, салбаруудын уялдаа холбоо дээд түвшинд гарсан.

6

УИХ-ын гишүүн Х.Наранхүү:

-Өнөөдөр Улаанбаатар хотод утаа, усны асуудал их яригдаж байна. Хотод шинээр баригдах үл хөдлөх хөрөнгө, том объектуудыг байлгана гэвэл ямар бодлогоор дэмжих вэ. Жишээ нь, нарны эрчим хүчээр халаадаг, ашигладаг байх юм бол төрөөс хөнгөлөлт чөлөөлөлт олгох хэрэгтэй болов уу? Манай нарны эрчим хүчний тооцооллыг Япончууд хийхдээ Хятадыг гурав дахин их хангахаар эрчим хүч байна гээд яриад байх юм. Өнөөдөр Хятадын хүн амын өсөлт эрчимтэй явагдах байх. Хэрлэн мөрнийг татна гээд байгаа.  Томоохон бодит ажлаа алс хэтийн бодлоготоо хэрхэн тусгаж байна вэ?

-Маш чухал асуудал байна. Орчин үеийн шинэлэгч технологийг нэвтрүүлэх арга боловсруулах нь зөв.  Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр гарсан. Ингэхдээ татвараас чөлөөлсөн байгаа. Сэргээгдэх эрчим хүчний үнэ одоогоор нүүрснээс үйлдвэрлэж байгаа эрчим хүчнээс үнэтэй байгаа. Монголдоо нар, салхи, усны цахилгаан станцтай холбоотой тоног, төхөөрөмжийг дотооддоо худалдаж борлуулвал борлуулалтын ашгийн татвараас хүртэл чөлөөлөхөөр заасан байгаа. Шинэ Засгийн газрын үед зөвхөн орж ирж байгаа тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөс гадна Монголдоо сэргээгэдэх эрчим хүчний нар, салхи, усны цахилгаан станцтай холбоотой эрчим хүч дулаан үйлдвэрлэх тоног төхөөрөмжүүдийг худалдаж, борлуулбал борлуулалтын татвараас чөлөөх журам хүртэл баталсан шүү. Хуулинд мөн цэвэр эрчим хүчийг дэмжинэ гэж заагаад 41 нэр төрлийн тоног төхөөрөмжийг ашгийн татвараас чөлөөлөх журам өнгөрсөн наймдугаар сард батлагдсан. Үүнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөөс гадна сайжруулсан чадалтай зуух, бохир цэвэршүүлэх төхөөрөмжийг хүртэл бид ашгийн татвараас чөлөөлсөн байгаа.  Гэрлийн хувьд эрчим хүчний хэмнэлттэй лид гэрлийг ашгийн татвараас чөлөөлсөн. Цаашдаа  ч гэсэн хэмнэлттэй зүйл ашгийн татвараас чөлөөлөх болно. Нарны нөөцийн асуудлын хувьд ЭХЯ, АХБ-тай хамтраад Монгол Улсын нарны эрчим хүчний нөөц ямар түвшинд байгаа талаарх судалгааг хийгээд дуусч байна. Нарийн тоо хараахан гарах болоогүй байна. Ямартай ч нар, салхинд нөөц их байгаа. Бид хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу орохын тулд орлож байгаа бүтээгдэхүүнийг аль болохоор татварын хөнгөлөлтө чөлөөлөлтөөс дэмжих бодлогыг явуулна.

6

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:

-Хатан туул хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийслэлтэй хамтарч байна уу?

-Тулгамдаж байгаа асуудлын нэг. Олон арван жилийн турш бий болсон бохирдлыг цэвэрлэхээр хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн.  Туул голын эхийг ойжуулах ажил энэ жилээс эрчимтэй эхэлсэн. Харгиаг Дархан руу нүүлгэх шийдвэр гарсан ч удааширалтай байна. Арьс ширний үйлдвэрийг дэмжихдээ цэвэрлэх байгууламжийг нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал дээр хот хариуцаж байгаа.   Туул голыг цэвэрлэхээс өөр аргагүй. Энэ асуудлыг бид өнгөрсөн жил хэлэлцэгдээд, судалгаа хийж байна. Үүнтэй Төв цэвэрлэх байгууламжийг давхар цэвэрлэх хэрэгтэй. Карьеруудаас 84-ийг нь мөн хаах шийдвэр хүргүүлсэн.

6

Ийнхүү “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

6

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tom tom um hudal yarij baihaar zaisand utaa gargaad,mun baigal orchind jorlon uhaj oir orchmoo zavaaruullj baigaa ger barisan ailuudiig huuj zailuulmaar um
2014-01-22