Цахим үйлчилгээ, шилэн данс нэвтрүүлснээр төр ухаажих уу?
2014-03-03

Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээний сагсанд ухаалаг, цахим, шилэн гэсэн үгнүүд багтах боллоо. Энэ нь төр, засгаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээр дамжин бидэнд хүрч байгаа нэг хэлбэр биз. Учир нь өнөөдөр ухаалаг төр, цахим үйлчилгээ, шилэн дансыг нэвтрүүлэхээр хууль тогтоогч, шийдвэр гаргагчид ярьж, хийж байна. Өнөөдөр иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэж, төсвийг ил тод болгохоор шилэн данс нэвтрүүлэх гэж байгаа төр хэрхэн ухаалаг болох бол. Төрийг ухаалаг болгоход тушаа болоод байгаа саадыг хэн авч хаях вэ гэх мэт олон асуудал урган гардаг. Ухаалаг төрийг хэрхэн бүрдүүлэх вэ, бид.

1

Цахим үйлчилгээ “авлига”-аар вирустчих вий дээ

1

Цахим хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж байгаа зүйл. Өнөөдөр төрийн үйлчилгээг цахимжуулах эхлэл тавигдаад явж байгаа. Жишээлбэл, өнөөдөр нийслэлчүүд оршин суугаа газрынхаа тодорхойлолтыг авахаар хорооны Засаг даргаа зорьдог байсан үе ард хоцорсон гэхэд болно. Учир нь Засгийн газраас төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгохоор ТҮЦ машинуудыг ашиглалтад оруулсан.  Иргэд ТҮЦ машинаар 11 төрлийн төрийн үйлчилгээг авч байна. Харин төрийн үйлчилгээг түгжрэлгүй үзүүлдэг ТҮЦ машин өнгөрсөн оны сүүлчээр төсвийн мөнгөнөөс нэг тэрбум төгрөг хэмнэсэн гэж Засгийн газар мэдээлж байна лээ. Энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх бүх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 1-ний дотор дуусгаж, гүйцэтгэгчдийг нь тодруулахаар болсон. Ингэхдээ оролцох байгууллагууд материалаа цахимаар илгээнэ. Улсын хэмжээнд энэ жил 1.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 259 багц төсөл арга хэмжээний худалдан авалт зохион байгуулахаас 141-ийг нь Худалдан авах ажиллагааны газар хариуцна. Харин тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тухайд, цаг тулгаж материалаа илгээх, ялангуяа орон нутагт интернэтийн хурдаа тооцоолж үзээгүйгээс тендер хүлээн авах хугацаа хаахаас өмнө материалаа ирүүлж амжихгүй хасагдах тохиолдол гарчээ. Зарим газрууд тендер нээхээс хоёрхон минутын өмнө материалаа илгээсэн тохиолдол ч гарсан байна лээ. Үүнд хөгжил дагасан асуудлууд үүссэн байх талтай ч тендерийн материалаа эрт илгээчихвэл задарчихаж магадгүй гэсэн болгоомжлол байсан юм билээ.

1

Цахим ертөнц дэх төрийн ажил, үйлчилгээ үүгээр зогсохгүй. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс цахим дэлгүүр ажиллаж эхэлнэ. Төрийн байгууллагуудын урсгал зардлын шинжтэй бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг ил тод болгох зорилготой аж. Эдүгээ техникийн бэлэн байдал хангагдсан, худалдаалах барааны судалгаа хийсэн байна. Тиймээс ч Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний  зургаан агентлагийн бичгийн цаасны худалдан авалтыг цахим дэлгүүрээр явуулах юм. Монголд анх удаа нэвтрүүлж байгаа шинэ технологи учраас эхний ээлжинд ганц барааны худалдан авалт хийхээр төлөвлөжээ. Цаашдаа шатахуун, ус, дугтуй, хавтас гэх мэт төрийн байгууллагуудын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр худалдан авалтыг өргөжүүлэх аж. Төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах, цахим дэлгүүр ажиллуулах, цахим гарын үсэг нэвтрүүлэх, тендерийн урилга, явц, үр дүнгийн мэдээллийг иргэдийн гар утсанд хүргэх гэх мэт олон үйлчилгээг нэвтрүүлэх юм билээ. Ер нь 2016 он гэхэд 179 төрийн үйлчилгээг цахимжуулахаар Засгийн газар зорьж байгаа юм билээ.

1

Харин тендерийг шалгаруулахдаа танил тал харж, авлига оруулчих вий гэсэн хардлага ч олон нийтийн зүгээс гарч байна лээ. Учир нь УИХ-ын сонгуулиар  автомат машинаар санал тоолсныг зарим хүмүүс эсэргүүцдэг. Үүнтэй агаар нэгэн тендерийг цахимаар явуулж байна гээд “авлига” өгсөн нэгэн шалгарчих магадлалтай гэж үзэж буй юм.

1

“Шилэн данс” нэвтрүүлснээр нуугдсан зарцуулалт ил гарна

1

Улсын төсөв, захиран зарцуулалт иргэдэд тэр бүр ил тод хүрээд байдаггүй. Иргэд ч  басхүү сонирхдоггүй байсан байж магад. Өмнөх жилүүдэд төсөв дутах, тодотгох асуудалд салбарын сайд л хариуцлага хүлээдэг байлаа. Өнгөрсөн жилийн төсөв 1.5 их наядаар дутсан. Гэвч салбарын сайд бус өмнөх парламент, Засгийн газарт бурууг тохож байна лээ. Нэгэнтээ бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон парламент, Засгийн газраас иргэд ямар хариуцлага нэхэх билээ дээ. Сүүлийн жилүүдэд төсвийг ил тод болгоё гэсэн үг хүчтэй дуулдах болсон. Ерөнхийлөгчийн зүгээс үүнтэй холбоотойгоор төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор хуулийн төсөл өргөн бариад байгаа билээ.

1

Төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог хангах асуудлаар сүүлийн жилүүдэд холбогдох хууль, дагаж мөрдөх журмыг батлан хэрэгжүүлж байгаа ч төсвийн талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдээлэл сул иргэдийн оролцоо хангагдахгүй хэвээр байгаа гэж үзжээ. Энэ нь төсвийн орлого, зарцуулалт, мөнгөн гүйлгээ, өр, зээл, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагааг “цогц байдлаар” олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх эрх зүйн тогтолцоо бүрдээгүйтэй холбоотой аж. Уг нь төсвийн ил тод байдлыг хангахтай холбоотой одоогийн хууль тогтоомжийн зохицуулалтууд нь давхардсан, зөрчилтэй байгаагаас хууль хэрэглэхэд иргэд, төрийн байгууллагад хүндрэлтэй байдаг байна. Төсвийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах журам хуульчлагдаагүй аж. Төсвийн тухай хуулинд иргэдийн оролцоог хангах үндсэн зарчмуудыг тусгасан хэдий боловч иргэдийг хэрхэн, яаж оролцуулах үйл ажиллагааг зохицуулсан бусад дагалдах хууль тогтоомж одоо хэр нь батлагдаагүй байна. Басхүү өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой аливаа шийдвэр,  мөнгөн гүйлгээтэй холбоотой мэдээллүүд олон нийтэд хаалттай байдаг. Одоогийн хууль тогтоомжид заасан төсвийн мэдээллийн бүтэц, агуулга нь энгийн, ойлгомжтой биш иргэдэд гэхээсээ төсвийн мэргэжилтнүүдэд л зориулагдсан байдаг билээ. Тиймээс Шилэн дансны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

1

Энэхүү хуулийн төслөөр төсвийн орлого, зарлага, мөнгөн гүйлгээ, тайлагналын үйл ажиллагаа түүнд хяналт тавих, хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байна. Хуулийн төсөлд зааснаар сум, дүүргийн төсөв болон төсвийн шууд захирагч нарын хувьд нэг сая төгрөгнөөс дээш дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагч, төлбөр гүйцэтгэгч байгууллагыг нэр заан огнооны хамт тухайн гүйлгээ хийгдсэнээс хойш 24 цагийн дотор мэдээлж байх ажээ. Шилэн дансны мэдээллийг энэ хуульд заасан хугацаанд цахим хуудас эсхүл мэдээллийн самбартаа мэдээлээгүй ажлын гурав хоног өнгөрсөн бол сануулах, ажлын 5 хоног өнгөрсөн бол үндсэн цалинг гурван сарын хугацаагаар 30 хувь бууруулах, ажлын 10 хоног өнгөрсөн бол ажлаас халах, огцруулахаар тусгаж. Харин аж ахуй нэгж, байгууллагын захиралд сануулах, ажлын тав хоног өнгөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ажлын 10 хоног өнгөрсөн бол гэрээг цуцлах тухай саналыг захиалагчид мэдэгдэх зэрэг хариуцлагыг хүлээлгэхээр заасан байна. Энэ хуулийн хэрэгжих эсэх нь гишүүд дэмжих эсэхээс шалтгаалах юм. Ямартай  ирэх хаврын чуулганаар энэ хуулийг хэлэлцэх биз ээ. Хэрвээ хууль батлагдвал иргэд харьяа сум, дүүргийн төсвийн захирагчдынхаа зарцуулалтыг хянах бололцоо бүрдэх юм.

1

Ухаалаг төрд “давхар дээл” хэрэггүй

1

Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж “Том  төрөөс ухаалаг төр лүү”  шилжих санаалчлагыг гаргасан. Энэ санаачлагыг УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг зуран хэрэгжүүлэхээ амласан билээ. Үнэндээ төрийн бүтэц том, данхайсан гэдгийг иргэн бүр хүлээн зөвшөөрч шүүмжилж байдаг. Тэр дундаа Засгийн газрын бүтцийг илүүтэй эсэргүүцдэг. Өнөөдөр Засгийн газар 16 яам, 19 сайдтай. Үүн дээр “дэд”-үүдийг  нэмвэл сайдын тоо 40-ийг давна. Цаашлаад агентлагуудын дарга, дэд дарга, хэлтсийн дарга нар, төрийн албан хаагчид гээд Засгийн бүтэц улам л тэлнэ үү гэхээс хумигдахгүй. Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” гэсэн санаалчлага “иргэдийн загатнасан газар маажих” шиг урамтай сонсогдож байсан.

1

Энэ санаачлагыг хэрэгжүүлэхийн тулд төрийнхэн том бүтцээ хумих ажлаас эхлэх болов уу гэж  иргэд харж байгаа. Томыг жижиглэж, ухаалаг руу шилжиж байгаа нь энэ гээд хэн нэг мөрөөрөө ажлаа хийж яваа албан хаагчийг халж, орон тоог багасгаснаар ухаалаг системд шилжихгүй болов уу, төр. Юун түрүүн дороосоо бус дээрээсээ, цэргээсээ бус даргаасаа эхэлж асуудлыг цэгцлэмээр. Ерөнхийлөгч санаачилсан хуулийн төслийнхөө хүрээнд Засгийн газрыг бүтцэд анхаарч, гишүүдийн давхар дээлийг тайлах хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-аар үүнийг хэлэлцэхдээ энэ оноос хэрэгжүүлэх бус 2016 оноос хэрэгжүүлэхээр болгоё гэж олонхиороо Засгийн газрыг цээжээрээ хамгаалж өмгөөлөв.  Дан дээлтэй гишүүд ч давхар дээлтнүүдээ өмгөөлж байгаагаас харахад “даарч явахад хэрэг болно” гэж алсын хараатай ажилласных биз.

1

Төр ухаалаг байхаа болиг гэхэд том бүтцээ цомхон болгочихмоор байлтай. Дээр нь нэг эрхэм давхар давхар албан тушаал хашиж байгаагаас бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоход хийсэн зүйлгүй, хэлсэн үгнээс цаашгүй, хөгжилд тушаа болдгоо болих хэрэгтэй. Наанадаж л ард түмний төлөөлөл болж төр сонгогдон, хууль боловсруулах үүрэг хүлээсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын танхимд багтаж сайдын албыг давхар хашиж байгаа. Гэтэл үүнээс үүдэж байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасалдаж, хуралдааны ирц бүрдээгүйгээс хэлэлцэх асуудал удаа дараа хойшилж байсан. Сүүлийн жишээ гэхэд намрын чуулганы хуралдааны ирцээс үүнийг харж болох юм. Хуралдаанаа тасалсан гишүүдийг давхар дээлтнүүд тэргүүлж байна лээ. Нөгөөтэйгүүр салбарын ажил ч цалгарддаг. Одоо намрын чуулганы завсарлагаар гишүүд тойрогтоо ажиллаж байгаа. Харин сайд гишүүд салбарын ажлаа хийх үү, тойргийн сонгогчидтойгоо уулзаж, өнгөрсөн намрын чуулганаар баталсан хуулиудаа сурталчлах уу гээд ажил давхцана. Ер нь манай гишүүд чуулганы завсарлагаар тойрогтоо очоод ирлээ, тулгамдсан зарим асуудлыг нь шийдлээ, заримыг зохих байгууллагад хэлж шийдвэрлүүлнэ гээд л ээлжит чуулганы эхэнд сүр дуулиантайхан ярьдаг. Атал парламентын дөрвөн жилийн хугацаанд тухайн тойрогт нь томоохон өөрчлөлт гарсан зүйл анзаарагддаггүй. Тиймээс тойрогт ажилласан эрхмүүд тойргийнхоо захад бус төвд нь ажиллаад, иргэдтэй уулзаад,  тавьсан асуудалд өнгөцхөн хандаад ирсэн юм болов уу гэх хардлагыг давхар төрүүлээд байдаг юм. Ер нь тэгээд ухаалаг төртэй болоход “давхар дээл”-ээр яах ч юм билээ.

1

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
ardchilaliinhan:
bayarlalaa chamd bayarlalaa, gehdee baga doligono. dolingoruud hezeed urvaach sharvaachaaraa aldartai baidag.
2014-03-03
bayrallaaa :
ardchilaliinhandaaa amjilt ta bvhen mash ih yum hiij bn shvvvv gaihaltai amjilt
2014-03-03
irgen:
avligachid aij baina shuu dee? shudargaar amidarch suraachee.
2014-03-03
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-03
88888:
bmbbnmb jlnlj ln;k
2014-03-03
aaa nokjojoj:
knlknl kmxckvlb
2014-03-03