Аз жаргалын өдрийг тэмдэглэнэ
2014-03-19

“ Аз жаргалын зам” ТББ, “Зар мэдээ сурталчилгаа сонин”, “НЗЦГ”-ын төлөөллүүд дэлхий даяар тэмдэглэхээр болсон “аз жаргалын өдөр” буюу гуравдугаар сарын 20-ны өдрийг  “Монголчуудаа аз жаргалтай амьдарцгаая” уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэж төлөвлөсөн ажлуудаа өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.

 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны сүүлийн хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Бутаны вант улсын санаачлагаар НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид шийдвэрийг санал нэгтэйгээр баталсан юм. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг “ Дэлхийн аз жаргалын өдөр” болгож улс орнууд зохих хэмжээнд боловсрол ба гэгээрүүлэх хөтөлбөрийг ашиглан тэмдэглэж байх зөвлөмжийг өгсөн байдаг. Харин манай улсын хувьд “ Аз жаргалын зам” ТББ-аас Дуут дохио ашиглахгүй замын хөдөлгөөнд оролцоорой- явган зорчигчоо хүндэлье, хотоо хайрлая- хог хаяхгүй байцгаая, халуун ам бүлээрээ оройн хоол, зоогийг барьцгаая гэсэн гурван уриалга гарган ажиллахаар болсон байна.  Мөн тус байгууллагын тэргүүн Д. Баясгалан “Цаашдаа энэхүү өдрийг аз жаргалтай холбоотой сургалт, семинар хэлэлцүүлэг явуулж иргэдийн дунд нээлттэй санал асуулга зохион байгуулах зэргээр жил бүр уриалга гарган тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллах болно” гэдгийг хурлын үеэр онцолсон юм.

Дашрамд дуулгахад, гуравдугаар сарын энэ өдөр дэлхийн ихэнх улсад өдөр, шөнө тэнцдэг учир НҮБ энэ өдрийг жаргалтай байх адилхан эрхтэй, энэ гарагийн бүх хүмүүсийн тэгш эрхийн билэгдэл болох юм гэж тооцоолсон байна. Мөн түүнчлэн сүүлийн үед улс орнуудын хөгжлийг то­дор­хойлохдоо аз жар­галын индекс гэдгийг гар­гаж ирэх болсон бөгөөд улс гүрнүүд ч эдийн зас­гийн хөгжлөөс гадна хувь хүний хөгжил, аз жар­галтай ирээдүйдээ итгэл­тэй байдал гээд олон зүй­лийг харгалзах болсон юм.

Б. Нямсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
өнөөдөр,маргааш, нөгөөдөр .................. үргэлж аз жаргалтай байх болноо.
2014-03-20
zochin:
iim udur baih heregtei saihan medee bnaa
2014-03-19
зочин :
ямар гоё юм вэ? аз жаргалын өдөр цаанаа гоё сонсогдож байна. маргаашийг аз жаргалаар дүүрэн инээмсэглэж өнгөрүүлнэ
2014-03-19